
Өнөөдрийн шүүх хуралдаанд Улсын яллагчаар О.Мөнхбаатар, даргалагч шүүгчээр Б.Сарантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Намжилжав, хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаатар, иргэний нэхэмжлэгчийн өмгөөөлөгч З.Төмөрхүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Занданбат, хохирогч Ж.Хонгор, Н.Нарангэрэл, иргэний нэхэмжлэгч Б.Энхзул нар оролцох юм байна. Шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн шүүхэд 10.30 цагт хаалттай эхэлнэ.
Яллагдагч Б.Эрдэнэбилэг 2009 оны нэгдүгээр сард Ш.Гантулга гэх залуугийн хамт хүний аминд халдаж, дараа нь танхай, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн цагдан хоригдож байжээ. 2009 онд болсон хэрэгт хамтран оролцсон Ш.Гантулгыг мөн өнөөдөр шүүх юм. Б.Эрдэнэбилэг дээрх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, хоёр жил зургаан сар цагдан хоригдож байгаад батлан даалтад гараад байжээ. Түүний 2009 онд үйлдсэн гэх хэргийг эргэн сөхвөл, Б.Эрдэнэбилэг гурван найзын хамт архи уужээ. Тэд хоорондоо маргалдаж, зодолдсон учир Ш.Гантулга гэх залуутай найз гэх залуусаа хүлж орхисон байна. Гэтэл тэдний нэг нь болох М боомилогдож нас баржээ. Тэрбээр найз нараа хүлж орхиод гэрт нь очиж, дүүг нь зодон танхайрч, ээжийг нь хүчирхийлсэн байна. Ингээд санаатайгаар, эсвэл санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн үү гэдэг дээр шат, шатны шүүх нь шийдэлд хүрч чадахгүй явсаар дахин гурван хүний аминд хүрэх нөхцөл бүрдсэн аж. Энэхүү хэрэг мөрдөн байцаалтад наймар сар, прокурорын шатанд 103 хоног, шүүхийн шатанд 19 сар болжээ. Улмаар шүүхээс хоёр удаа хэргийг тасалсан ч анхан шатнаас хоёр, давж заалдах шатнаас нэг, хяналтын шатнаас нэг удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан байна. Б.Эрдэнэбилэгийн найз талийгаач М хүнд гэмтэж, хүлээстэй чигээрээ амь насаа алдсан нь шүүх эмнэлгийн шинжилгээгээр нотлогджээ. Түүний хүн амь, танхай, хүчингийн гэмт хэрэгт Баянгол дүүргийн шүүхээс түүнд 23 жилийн ял оноосон ч тэрбээр давж заалдсаар байсан аж.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөн “Анхаарал болгоомжгүйгээс хүний амь хөнөөсөн” гэж үзжээ. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн Б.Эрдэнэбилэгийн хэргийг Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байв. Хуульд зааснаар Б.Эрдэнэбилэгийг 24 сар буюу хоёр жил хориод, зургаан сараар хугацааг нь сунгаад нийтдээ 30 сар цагдан хорьжээ. Ингээд хуулийн дагуу цагдан хоригдох хугацаа нь дууссан учир өнгөрөгч зургадугаар сард батлан даалтад гаргасан байна. Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрөгч наймдугаар сарын 26-нд болох байсан ч нэг хохирогч ирээгүй гэх шалтгаанаар хойшилж, Б.Эрдэнэбилэг шүүх хурал хойшилсон тэр шөнө гурван хүний аминд хүрчээ.
Найзынхаа аминд хүрсэн, ээжийг нь хүчирхийлж, танхайрсан гэмт хэрэгтэн Б.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргаж, дахин гурван хүний аминд хүрэх нөхцөлийг бүрдүүлсэн нь хяналтын прокурорын буруу гэж хэвлэлүүд бичиж байв. Б.Эрдэнэбилэгийн өмнө үйлдсэн хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Ц.Насанбат дээрх асуудалд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69.3-т Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид хорьж мөрдөх зайлшгүй шаардлагатай бол шүүх хорьж мөрдөх хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгах бөгөөд яллагдагчийг хорьж мөрдөх нийт хугацаа хүндэвтэр гэмт хэрэгт дөрвөн сараас, хүнд гэмт хэрэгт 12 сар, онц хүнд гэмт хэрэгт 24 сараас хэтэрч болохгүй гэсэн заалт бий. Б.Эрдэнэбилэгийн энэ хугацаа нь дуусч цагдан хорих уу, таслан сэргийлэх өөр ямар арга хэмжээ авах тухай шийдэх хэрэгтэй болсон. Мөн хуулийн 69.10-т сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхдээ шүүгч шаардлагатай гэж үзвэл, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулна гэснийг үндэслэн хүсэлтийн дагуу ар гэрийнх нь батлан даалтад гаргасан” гэх тайлбар өгч байжээ. Энэхүү хэрэгт прокурорыг буруутай хэмээн УЕПГ-ын Мэргэжлийн зөвлөлд хандахаа нэр бүхий өмгөөлөгч нар мэдэгдэж байв.
Өнөөдрийн шүүх хуралд хохирогчоор Б.Эрдэнэбилэгийн найз болох талийгаач М-ийн ар гэрийнхэн, гэр бүлийн гурван хохирогчийн ар гэрийнхэн болоод хэргийн газарт байсан 16 настай хүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдний өмгөөлөгчид оролцоно. Баянзүрх дүүрэгт гарсан хэргийг хэргийн газар байсан 16 настай хүү Б.Эрдэнэбилэг аав, ээж, эгч гурвыг нь хөнөөснийг гэрчилж буй. Тэрбээр сэтгэл санааны хүнд цохилтод орсон тул энэ удаагийн хуралд хүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцохоор болжээ.
Шүүх хурлын явц, шийдвэрийн талаар бид шуурхай мэдээлэх болно.