Бэлэн мөнгө тараасныг илчилбэл урамшуулал авна

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Бэлэн мөнгө тараасныг илчилбэл урамшуулал авна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр нам, эвслээс нэр дэвшигчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа явуулах бол тухайн мэдээллийн үнэн мөнийг өөрөө хариуцах, хэвлэл мэдээллийн байгууллага нь нийтлэл, нэвтрүүлэг болгоноо нэр хаяг, буух эзэн, буцах хаягтай байлгах тухай санал гарсан байна. Ингээд хэвлэл мэдээллийн байгууллага нь өөрийн бэлтгэсэн болон бусдын захиалгаар бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаатай холбоотой нийтлэл, нэвтрүүлгийнхээ үнэн зөв, бодит байдлыг хариуцна гэсэн заалт оруулахаар болов. Мөн уг заалтыг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгөөр, нэр дэвшигчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тухай заажээ.

Мөн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллага сонгуульд нэр нь дэвшээгүй  гурав дахь этгээдээс нэр дэвшигчтэй холбоотой болон сонгуулийн хуулийг будлиантуулахаар нэвтрүүлэг бэлтгэсэн бол өөрсдөө хариуцлагыг   нь үүрэх хэрэгтэй гэсэн саналыг ажлын хэсгээс оруулж ирсэн байлаа. Энэ саналыг Н.Энхболд гишүүн эсэргүүцэж,  “Хамгийн гол нь хэвлэл мэдээлэл өөрсдийнхөө дотоод хяналтыг сайжруулах хэрэгтэй. Үндсэн хууль, бусад хуулиар хориглосон зүйлүүдийг мэдээлэхгүй байх нь  тэдний үүрэг гэсэн байр сууринаас хандах зөв. Ингэх нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдийнхөө шаардлага, үнэ цэнтэй байдлыг илтгэж чадах болно” гэсэн санал гаргаж, Н.Энхболд гишүүний гаргасан санал дэмжигдсэн юм.

Сонгуулийн процессыг боловсронгуй болгох дараагийн заалт нь сонгуульд нэр дэвшигчийн зүгээс сонгогчдод бэлэн мөнгө болон эд бараа тараасныг сонгогч баримттайгаар холбогдох байгууллагад мэдэгдэж, уг асуудлыг холбогдох байгууллага үндэслэлтэй болохыг нь тогтоосон тохиолдолд тухайн бэлэн мөнгө, барааны үнийн дүнг 10 дахин нугалсан мөнгөөр тухайн сонгогчийг урамшуулах, урамшууллын дүнг нэр дэвшигчээс гаргуулна гэсэн саналыг байнгын хорооны гишүүд дэмжив. Гэхдээ энэ нь зарим хүний шуналыг төрүүлэн худал зүйл гарах вий гэдгийг ч харгалзан үзэхийг оролдсон нь дараагийн заалтаас харагдах аж. Өөрөөр хэлбэл  хуурамчаар баримт үйлдэх замаар сонгогч нэр дэвшигчийг гүтгэсэн нь тогтоогдвол тухайн хэрэг нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй бол сонгогчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох аж. Гэхдээ нэр дэвшигчдийн зүгээс өрсөлдөгчдөө хасуулах үүднээс элдэв гүтгэлэг зохион байгуулж болзошгүй гэж гишүүд үзэж, видео хувилбараар баримтжуулахыг санал болгов.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир гишүүнээс хэвлэлийн газарт ч хатуу хариуцлага ногдуулах ёстойг сануулж “Хүнийг гүтгэчхээд долоон сая төгрөг төлчхөөд яваад байж болохгүй. 25 сая төгрөг авч нэг хүнтэй гэрээ байгуулаад долоон саяар нь торгуулж, 13 сая төгрөгийн ашигтай ажиллаж байна” гэв. Ийн хэвлэлийнхэнд өндөр хариуцлага ногдуулах тухай ярьсанд гишүүн З.Алтайгийн дургүйг хүргэж “хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах гэж ярьж байгаа бол шившиг, УИХ-ын гишүүд л худал хуурмаг зүйлээ нуух гэж хэвлэл мэдээллийн байгууллагыг дампууруулахыг санаархаж байна. Та нар наад заалтаа оруулчих л  даа. Тэгээд өөрсдөө хариуцлагаа үүрч шоронгоор яв” гэж хариуг нь барив.

АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг энэ мэт маргааны шалтгааныг тайлбарлахыг оролдож “Хууль зүйн шинжлэх ухаанд  хариуцлагын хоёр элемент байдаг. Ардчилал өндөр хөгжсөн орнуудад  маш хатуу шийтгэл ногдуулдаг. Мак дональдсийн сүлжээгээр үйлчлүүлж байсан нэгэн эмэгтэй кофенд түлэгдсэний төлөө тус газрын нэг өдрийн орлогоороо хохирлоо барагдуулж байсан  жишээ байдаг” гэв. Г.Баярсайхан гишүүнд жишээ нь таалагдаагүй бололтой “Сая Ч.Сайханбилэг дарга маш тохиромжгүй жишээ авлаа.  Харин би нэг жишээ дурдахад, Английн нэгэн хэвлэлийн магнат харицлагагүй мэдээлэл гаргаснаасаа болоод татан буугдаж байсан удаатай” гэж “засав”. Энэхүү тайлбарынх нь хариуд Ч.Сайханбилэгээс “Наадах чинь ч гэсэн тохиромжгүй  жишээ  байна” гэх үгийг сонсоод Г.Баярсайханы уур нь хүрсэн бололтой “Би сонин ярьж байхад, чи мантуу яриад байгаа биз дээ” гэх нь тэр. Ингээд уг асуудлыг дараа үргэлжлүүлэн ярихаар боллоо.

Эцэст нь тус байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар гишүүдэд хандаж “Ажлын хэсгийн хуралдааны үеэр Х.Баттулга сайдаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь архи, тамхи үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигч, эзэн эсвэл түүний гэр бүл ийм үйлдвэрүүдтэй сонирхлын зөрчилтэй байх ёсгүй гэсэн агуулга бүхий санал оруулж ирсэн. Энэ санал ажлын хэсгийн хуралдаан дээр дэмжлэг аваагүй учир дээрх саналыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна гэдгийг хэлэхийг хүсч байна” гээд энэ удаагийн хуралдааныг өндөрлүүлсэн байна.

Б.МАНД

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж