“34 хувиас арвыг нь ард түмэнд эзэмшүүлэх ёстой”

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

“34 хувиас арвыг нь ард түмэнд эзэмшүүлэх ёстой”

Оюутолгой ордын 34 хувийг төр эзэмшиж буй бөгөөд үүнийхээ 10 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх ёстой гэдгийг УИХ, Засгийн газрын гишүүн Л.Болд уриаллаа. Баялгийн тэгш бус хуваарилалтыг өөрчлөх нь “Эдийн засгийн хувьсгал”-ын нэг зорилго бөгөөд үүнийг шударга ёсны хувьсгалгүйгээр төсөөлөх, ярих боломжгүй гэж тэрбээр үзэж байна.

Мөнгө. Маш их мөнгө. Харин энэхүү мөнгийг баялаг болгож хувиргах бодлого улс төрийн намуудын өрсөлдөөний шинэ сэдэв болоод буй үед Ардчилсан нам “Эдийн засгийн хувьсгал”-ын тухай ярьж байна. Мөнгийг хэрхэн баялаг болгох вэ гэдэг асуултын хариуг хамгийн оновчтой хувилбараар олж, ирэх сонгуулийн идей болгож чадсан намд л ялалтын туг очно. Ардчилсан нам мөнгийг баялаг болгох бодлогоо “Эдийн засгийн хувьсгал”-аар хийнэ гэж үзэж буй бөгөөд энэ нь чухам юу болохыг гишүүд нь өөр өөрсдийн нүдээр харж байна. Нэг сэдвийг олон өнцгөөс тайлбарлаж буй “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекцийн хүрээнд өчигдөр УИХ, Засгийн газрын гишүүн Л.Болд өөрийн санаа бодлоо иргэд, сонгогчидтой хуваалцсан юм. Түүний илтгэл “Эрдэнийн хувь ба эдийн засгийн хувьсгал” сэдэвтэй байлаа.

Уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт дагасан орлого Монголын эдийн засгийг савчуулж, энэ дунд тэсч үлдэх төдий өнөөдрөө харсан бодлогоор бид хол явахгүй гэдгийг Л.Болд илтгэлдээ юуны өмнө онцоллоо. Монголын экспортын гол түүхий эд зэсийн үнэ 1998 онд 1200 орчим ам.долларт хэлбэлзэж байсан бол 2009 онд 9000 ам.доллар хүртлээ цойлж, эдийн засаг энэ үнийн өсөлтийг даган цойлсон юм. Дараа нь уруудсан, өгссөн…Түүхий эдийн үнийн өсөлт даган өгсч, уруудаж байгаа тогтворгүй эдийн засаг, экспортоос бусад салбар нь мухардалд хүрсэн эдийн засаг. Өнөөдрийн Монголын эдийн засгийн дүр төрх товчхондоо энэ.


Зургийн тайлбар: Монгол Улсын стратегийн 15 ордын эдийн засгийн тооцоо
95 тэрбум ам.доллар гэж үзвэл үүний 51 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр
эзэмшүүлбэл нэг хүнд 36 мянган ам.доллар оногдож байгаа аж. Цаашид
стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулахдаа иргэн бүрт
хувьцаа буюу эрдэнийн хувь олгох концепци баримтлах ёстой гэдэг байр
сууриа тэрбээр энэ удаад ч дэвшүүллээ.

Үнийн өсөлт даган орж ирсэн орлогоос иргэдэд бэлэн мөнгө тараах халамжийн бодлого хавтгайрсны үр дагаварт инфляци өсч, хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээнд идээшиж эхэлсэн юм. Энэ бол голланд өвчний хүнд хэлбэрийн шинж тэмдгүүд. Улс орон мөнгөтэй болохынхоо хэрээр хөгжих биш өвчилж эхэлсэн нь чухам юуг илэрхийлж байна вэ? Мөнгийг баялаг болгох төр засгийн бодлого байхгүй, байгаа гэж үзвэл тэр нь буруу болохыг илэрхийлээд эхэлснийг ухаантай хүн бүр ойлгож байна. Харин ухаантай хүн бүр төрийн эрх мэдлийг авч, өөрийн бодлогоо хэрэгжүүлэх боломжгүй. Үүнийг зөвхөн улс төрийн намууд л хэрэгжүүлэх эрх үүрэгтэй.

Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам иргэн бүрт “Эрдэнийн хувь” буюу байгалийн баялгаас хувьцаа хэлбэрээр хувь эзэмшүүлэх шинэ санааг дэвшүүлэн тавьсан бөгөөд үүний нэг “автор” нь Л.Болд байсан юм. Хувь, хувьцааг “Баян Монгол” корпориациар дамжуулан олгох талаар тооцоо судалгаа бүхий төсөл боловсруулснаа сонгогчдод танилцуулж байсан юм. Түүний амласан хувь, хувьцаа “Баян Монгол” корпораци мөрөөдөл хэвээр үлдсэн үү, эсвэл…? Энэ асуултын хариуг тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдаж, иргэдэд Тавантолгойн ордын хувьцааны 10 хувийг эзэмшүүлэх асуудал хуульчлагдсанаар тайлбарлаж буй юм. Гэхдээ энэ бол эхлэл гэдгийг хэлээд түүний санаачилсан зүйл бүрэн утгаараа хэрэгжихэд дараагийн алхам хэрэгтэйг ч хүлээн зөвшөөрч байна.

Монгол Улсын стратегийн 15 ордын эдийн засгийн тооцоо 95 тэрбум ам.доллар гэж үзвэл үүний 51 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлбэл нэг хүнд 36 мянган ам.доллар оногдож байгаа аж. Цаашид стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулахдаа иргэн бүрт хувьцаа буюу эрдэнийн хувь олгох концепци баримтлах ёстой гэдэг байр сууриа тэрбээр энэ удаад ч дэвшүүллээ.

Өнөөдөр Тавантолгой ордын хувь­цаа­ны 10 хувийг иргэдэд эзэмшүүлж байгаатай нэг адилаар Оюутолгой ор­дын хувьцааны тодорхой хувийг мөн л ийм хэлбэрээр иргэдэд өгөх ёстой, ингэхдээ төрийн эзэмшиж буй 34 хувиас хуваарилах ёстой гэв. Тавантолгой ордын эдийн засгийн үнэлгээ 37.7 тэрбум ам.доллар гэвэл үүний 10 хувийг иргэдэд олгосноор нэг иргэн 1300 орчим ам.долларын хувьцаа эзэмших тооцоо байгаа юм. Харин Оюутолгойн 10 хувийг иргэдэд хуваарилбал нэг иргэнд очих хувьцааны үнэ цэн хоёр дахин өсөх юм. Стратегийн ордуудаас эхний ээлжинд ашиглалтад ороод буй дээрх хоёр ордоор жишиг тогтоох ёстой гэдгийг тэрбээр хэлээд баялгийг мэдээлэлд ойр хэсэг нь давуу байдлаар хүртдэг явдал дэлхийн олон улс үндэстнийг сүйрэлд хүргээд байгааг жишээ болгон дурдлаа. Ливийн удирдагч агсан М.Каддафийн хувийн хөрөнгө 200 тэрбум ам.доллар, Египетийн удирдагч асан Х.Мубаракийн хөрөнгө 70 тэрбум ам.доллар, Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн хөрөнгө 10 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа судалгаа байдаг. Энэ нь баялгийн хуваарилалт эрх мэдлийг дагаж буй төдийгүй тухайн улс оронд хувьсгал гарах, улс төрийн тогтворгүй байдал үүсэх хүчин зүйл болж байгааг сануулсан явдал гэв. Удирдагчид нь баялгаа цөлмөөд ард иргэд нь хоосорч үлддэг гашуун явдлаас яавал тойрч гарах вэ гэдгийг улс төрийн намуудын бодлогоор тодорхойлох ёстой.

Ардчилсан нам эдийн засгийн хувьсгалд уриалж буй шалтгаан нь Монгол баялагтайдаа биш, баялаг нь асар үнэтэйдээ биш, удирдагчид нь баяндаа ч биш. Харин баялгийг иргэн бүрт тэгш хуваарилах, иргэн бүрт хөгжлийн тэгш боломж өгөхийн тулд эдийн засгийн хувьсгал хэрэгтэй гэж Л.Болд үзэж байна.  Монгол хүн бие даасан иргэн болох, хэний ч өмнөөс эгцэлж харж чаддаг болох тийм цагийг авчрах хөгжлийн зөв гарц бол Ардчилсан намаас дэвшүүлж буй “Эрдэнийн хувь”-ийн концепци гэв.  Гэхдээ эрдэнийн хувь буюу баялгаас иргэн бүр, хүн болгон хувь хүртэхийн тулд шударга ёс хэрэгтэй. “Эдийн засгийн хувьсгал” бол түүнийхээр шударга ёс тогтоох хувьсгал бөгөөд шударга бус байдалд баялгийн шударга хуваарилалтын тухай ярих боломжгүй гэдгийг илтгэлдээ онцолсон юм.
  
Өнөөдөр дэлхийн нийт хөрөнгийн 40 хувийг 147 компани, өөрөөр хэлбэл, дэлхийн нийт баялгийн 95 хувийг дэлхийн хүн амын ердөө таван хувь нь эзэмшиж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Дэлхийн энд тэндгүй баялгийн тэгш хуваарилалтын төлөө хувьсгал, хөдөлгөөн өрнөж буйн шалтгаан нь энэ. Эдийн засгийн хувьсгал бол хэдэн компани байгуулах, хэдэн үйлдвэр барих, хэдэн ажлын байр бий болгох тухай асуудал биш Монгол Улсын иргэн бүртээ хөгжлийн тэгш гараа бүрдүүлэх, баялгийг зөв хуваарилах асуудал аж.

З.Боргилмаа

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж