
Гал түймрийг унтраах явцад тус автобусны шатахууны сав дэлбэрсний улмаас аврагчид бэртсэн бөгөөд Шуурхай бүлэг 105-ын эмч, Яаралтай түргэн тусламжийн 103-ын эмч нарыг нэмэлт хаягаар яаралтай гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, аврагчдыг ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвд хүргэсэн. Тухайн үед аврагчдын нүүр, гарын сарвуу түлэгдэж, гурван аврагч 3-р зэргийн, нэг аврагч хоёрдугаар зэргийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн юм. Аврагчдад шаардлагатай эмчилгээ хийж байгаа бөгөөд ням гаригаас эхлэн биеийн байдал нь сайжирч, хоол ундаа идэх болж, нүүрний хаван нь буусан талаар эмч нар нь хэллээ. Өнөөдрийн 16.00 цагийн байдлаар нэг аврагч Түлэнхийн төвөөс гарсан бол үлдсэн гурван аврагч эмчилгээгээ үргэлжлүүлж байна.