Хөгжлийн банк 20 сая долларын бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк 20 сая долларын бонд гаргана

Монгол улсын Хөгжлийн банк Сингапурын Хөрөнгийн бирж дээр 600 сая ам. долларын бонд гаргахаар өнгөрсөн хавраас хойш үйл явц нь дуншсан. Олон улсын санхүүгийн зах зээл тогтворгүй байгаатай холбогдуулан бонд гаргахаа хойшлуулж байгаагаа удирдлагын зүгээс нь хэлж байв. Харин Засгийн газрын хуралдаанаас “Шинэ Төмөр зам” төслийн эхний ээлжийн 55 сая ам.долларын санхүүжилтийг энэ ондоо багтаан гаргаж өгөхийг Хөгжлийн банкинд хоёр ч удаа тушаасан нь тус банкийг энэ ондоо багтаан бонд гаргахад хүргэсэн бололтой.

Өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Сангийн сайд С.Баярцогт Хөгжлийн банк хэсэгчилж бонд гаргах гэж байгаа талаар гишүүдэд мэдээлсэн юм. Сайдын хэлж байгаагаар Хөгжлийн банк энэ сард 30 сая доллар, ирэх сард мөн 30 сая долларын бонд гаргах аж. Энэ талаар тус банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргалаас тодруулахад “Өнөө маргаашгүй 20 сая долларын бондыг эхний ээлжинд гаргана. Дараагийн сард 30 сая долларын бонд арилжаална” гэв. Тооны хувьд зөрүүтэй ч ямар ч байсан энэ ондоо багтаан “Шинэ Төмөр зам” төсөлд шаардлагатай байгаа 55 сая долларыг хэсэгчлэн бонд гаргаж олохоор тооцоолжээ.

Харин бондын хүүний хувьд бусад зардалтайгаа нийлээд 7 хувь байх юм байна. Энэ нь төлөвлөж байснаас бага хүү. Зарим эдийн засагч Хөгжлийн банкны бондын хүү нь 8-9 хувь байх болов уу хэмээн тооцоолж байсан. Энэ нь гадаад зах зээл болон Монгол улсын зэрэглэл, мөн Хөгжлийн банкны өөрийнх нь эрсдэлийг тооцсонтой холбоотой хэмээн тайлбарлаж байв. 7 хувийн хүүтэй бонд өмнө нь Засгийн газрын “Стандард Чартеред” банкнаас 11.75 хувийн хүүтэй зээлтэй харьцуулахад маш бага хүүтэй, ашигтай  гэдгийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргал хэлж байна.

Хөгжлийн банк үлдсэн 550 сая орчим долларын бондыг ирэх хавар гаргахаар төлөвлөжээ. Дээр нь 2012 оны Төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газар дахин 700 тэрбум төгрөгийн бондын баталгааг Хөгжлийн банкинд гаргаж өгөхөөр тусгасан байна. Уг баталгааг Хөгжлийн банк ирэх жилийн намар ашиглах бололтой. Ямар ч байсан Хөгжлийн банк тооцоолж байснаас бага зардалтай бонд гаргаж, “Шинэ Төмөр зам” төслийг гацаанаас гаргахаар боллоо. Ийнхүү Засгийн бондыг харьцангуй хуримтлал төвлөрсөн, санхүүгийн хямралын давлагаа хараахан даялаагүй байгаа Азийн зах зээлд өнөө маргаашгүй арилжаалж эхлэхээр шамдаж байна.

С.Болд-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж