Солонгос, Хятадын 17 иргэнийг албадан гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Солонгос, Хятадын 17 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас гадаадын иргэд ажилладаг  байгууллагад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийж, сар бүр тайлангаа гаргадаг. Энэ сард төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 12 удаа  явуулжээ. Шалгалтад 13 аж ахуйн нэгж, байгууллагын 35 иргэн хамрагдсан байна. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын 16 иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, БНХАУ, БНСУ-ын нийт 17 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ. Энэ сард Монгол Улсад оршин суух, бүртгэл, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн, визийн хугацаа хэтрүүлсэн, Монгол Улсад оршин суух үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам зөрчсөн, паспорт баримт бичгээ биедээ авч яваагүй гадаадын 15 орны 127 иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, 31 сая 726 мянга төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн гадаадын орнуудаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан орон сууц, ажлын байраар хангасан, визийн хугацаа журмын талаар хүлээсэн үүргээ уригч зөрчсөн зэрэг зөрчлийн улмаас 133 байгууллага, аж ахуйн нэгжид, 667 иргэн хуулийн дагуу, 192 сая 577 мянга 600 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.  Нийт 127 гадаадын иргэн, 133 аж ахуйн нэгж, байгууллагад Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч  224 сая 304 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж