Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жан Поль Дюмон эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан өнөөдөр бараалхлаа.
Тэрээр хэлэхдээ “Монголд 28 сар ажиллалаа. Сайхан байлаа. Францууд европчуудын нэгэн адил таны гаргаж буй санал, санаачилуудыг дэмжиж байдаг. Монголд олон жилийн дараа эргэж ирээд их өөрчлөгдсөнд, ардчилал бэхжиж, Монгол Улс дэлхийн хэмжээнд өөрийн гэсэн байр сууриа олсонд баяртай байгаа. Тэтгэвэртээ гарч чөлөөт иргэн болох гэж байна. Тиймээс Монголын төлөө хамгийн том лобби хийдэг болно” хэмээв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жан Поль Дюмоныг элчин сайдаар ажиллах хугацаанд Монгол, францын харилцаанд эрчимтэй ахиц дэвшил гарсанд баяртай байгаагаа мэдэгдлээ.
Франц Улс бол Европ дахь манай чухал түнш. Франц Улсын Ерөнхийлөгч Никола Саркозигоос ирүүлсэн илгээлтэд манай улсыг Ази дахь өөрийн “тусгай түнш” гэсэн нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түвшний илэрхийлэл юм. Монгол Улс шүүх засаглалдаа чанартай боловсон хүчин бэлтгэх зорилтын хүрээнд Франц Улсын жишгээр Магистратын их сургууль байгуулах хүсэлтэй байгаа. Энэ чиглэлээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Францын Магистратын их сургуулийн хооронд хамтын ажиллагаа эхлүүлэхэд Элчин сайд та болон танай Элчин сайдын яам үнэтэй хувь нэмэр оруулсанд талархаж байна. Франц Улс Монголын ардчиллыг эхнээс нь дэмжиж ирсэн. Өнөөдөр ч дэмжлэг нь үргэлжилж байгаа. Монголын түүх, соёлын өв болсон “Цогт тайж” уран сайхны киноны хальсыг Францын киноны үндэсний төв үнэ төлбөргүй сэргээн засварлаж өглөө. Зуд турхны гамшгийн үед ч тусалж байсан. Энэ бүхэнд талархаж байдаг. Ашигт малтмалын, ялангуяа цөмийн эрчим хүчний салбарт Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хамтын ажиллагааны тодорхой алхам хийж байна. Шүүх засаглалын шинэчлэлд бас бидний хамтын ажиллагаа идэвхжиж буйд баяртай байна. Бидний энэ харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр талын дээд түвшний уулзалтууд чухал гэдгийг хэлэхийг хүсч байна.