Монголын дартсын холбооноос улирал бүр зохион байгуулдаг “Боргио кап” тэмцээн өнгөрөгч амралтын өдөр боллоо. Энэ улирлын тэмцээнд урлаг, соёл, бизнес эрхлэгч, хэвлэл, мэдээллийн салбарын төлөөлөл оролцсоноороо онцлогтой байв. “Боргио кап-IV” тэмцээнд 16 багийн 80 гаруй тамирчин оролцсоноос “Power” баг аваргын төлөөх тоглолтод “ТВ-5” телевизийн багийг 4:1 харьцаатай буулган авснаар түрүүлж, шилжин явах цомын эзэн болсон бол хүрэл медалийг “Kitchen All” баг хүртжээ. Түүнчлэн Монголд анх дартсын спорт хөгжиж байх үед буюу 1990-ээд оны эхэн үеийн ахмад тамирчин “Зэв” хэмээх баг бүрдүүлэн оролцож, тусгай байрт шалгарсан байна. Тэмцээний туршид эрэгтэй тоглогчдоос “ТВ-5” телевизийн багийн ахлагч С.Батзолбоо аваргын төлөөх тоглолтод 180 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон бол эмэгтэйчүүдээс “Kitchen All” багийн тоглогч Д.Урантуяа 136 оноо авсан нь шилдэг үзүүлэлт болжээ.
С.Цэлмэг