Сангийн сайд С.Баярцогтын хэлснээр УИХ төсвийн хэлэлцүүлгийг маш хариуцлагатай хийжээ. Орлого, зарлага аль аль талыг танасан байна. Тэрбээр "Европын орнуудад нүүрлээд буй санхүүгийн хямрал ирэх жил Монголд нөлөөлж болзошгүй тул түүнээс сэргийлэх чиглэлд анхаарсан" гэлээ. Ингээд төсвийн орлогыг 600 тэрбум төгрөгөөр, зарлагыг 800 тэрбум төгрөгөөр, санхүүгийн эрхийг 100 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болсныг мэдэгдлээ. Монгол Улсын түүхэнд төсвийг ингэж танаж байгаагүй гэнэ. УИХ өмнөх жилүүдэд дандаа зардал өсгөж байсан бол түүхэнд анх удаа том таналттай төсөв гаргах гэж буй нь энэ юм байна. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад анх удаа лизинг хэрэглэхээр болжээ Тухайлбал, автомашины парк шинэчлэхэд лизинг хэрэглэх гэнэ. Үүгээр Төсвийн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүд дэмжлээ.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулааар боллоо.