УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ ирэх оны нэгдсэн төсвийг 1.2 их наяд төгрөгөөр танах шийдвэрийг гаргасан. Ингэснээр Монголбанкны хувьд ирэх онд инфляцийг нэг оронтой тоонд тэр дундаа 10-аас дээш алдчихааргүй барих боломжтой болжээ.
УИХ-аас ирэх онд Хүний хөгжлийн сангаас олгох хувь хишгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохдоо бэлнээр нэг сая төгрөг хэлбэрээр олгохыг дэмжээд байгаа. Үүнд нийтдээ 500 гаад тэрбум төгрөг зарцуулагдана. Энэ нь эдийн засагт хэр халалт авчрахыг УИХ-ын гишүүн Н.Батбаяр төв банкны ерөнхийлөгчөөс сонирхсон юм. Монголбанкны ерөнхийлөгчийн тайлбараар бол нэг сая төгрөгийг мөнгөжүүлэх тохиолдолд хязгаар тавих шаардлагатай. Ингэхгүй бол инфляци хөөрөгдөнө. Одоогийн байдлаар 500 гаад тэрбум төгрөгийг иргэдэд бэлнээр олгоно. Энэ тохиолдолд эдийн засагт учруурах хохирол бага. Харин үүнээс давбал эрсдэл дагуулна. Ялангуяа үлдэж байгаа 2.3 сая иргэнд хувь хишгийг бэлнээр олгоно гэвэл 2.3 их наяд төгрөг болно. Энэ мөнгийг нэг жилд биш үе шаттайгаар 5-6 жилийн хугацаанд олгох. Ингэсэн нөхцөлд мөнгө авч байгаа иргэндээ үр ашгаа өгнө, нөгөө талдаа эдийн засагт халалт авчрахгүй. Тиймээс хязгаар барих шаардлагатай гэсэн саналыг дэвшүүллээ. Ер нь ирэх онд төв банк бодлогын хүүгээ чангаруулах арга хэмжээг авах юм байна. Энэ нь 2012 оны нэгдсэн төсвийн тэлэлтэй холбоотойгоор гарах арга хэмжээний нэг байх аж. Хэдийгээр УИХ 2012 оны нэгдсэн төсвийг өргөн барьсан төслөөс нь 1.2 их наяд төгрөгийг танаад байгаа ч, мөнгөний бодлогыг хатууруулахгүй байх боломжийг олгоогүй гэнэ. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Я.Батсуурь төв банкны инфляцийг барих цорын ганц арга хэрэгсэл нь бодлогын хүүг өсгөж ирсэн явдал болохыг шүүмжлэв. Энэнээс болж зээлийн хүү буурдаггүй, эргээд энэ нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс ирэх онд зээл олголт ямар байх талаар тандсан юм. Төв банкны ерөнхийлөгчийн хариултаас үзвэл зээл хувийн хэвшлийн салбарынхны гол тулгуур болж буй аж. Энэ жилийн хувьд зээл 61 хувиар өссөн, ирэх жил 35 хувиар нэмэгдэх төлөв харагдаж байгаа. Одоогоор аж ахуй болон иргэдийн арилжааны банкнуудаас авсан зээл 6.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй. Үүнээс 40 хувийн зээл нь иргэдэд хамаарна. Тодруулж хэлбэл, иргэд 2.7 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас авсан байгаа юм байна. Мөнгөний бодлогыг хэлэлцэх шатанд гардаг нэг асуудал нь зээлийн хүү өндөр байгаа нь хадгаламжийн хүүгээс шалтгаалж буй тухай. Хадгаламжийн хүүг бууруулах тал дээр холбогдох газрууд ажлын хэсэг байгуулан ажиллаж буй аж. Гэхдээ дэлхий дахинд санхүү эдийн засгийн хямрал дахин нүүрлэж байгаа, дээрээс нь манайд хадгаламжийн хүү өндөр байгаа энэ үед төв банкны зүгээс хүчээр хадгаламжийн хүүг бууруулах аргагүй. Эдийн засагтаа эргэж сөрөг үр дагавар дагуулах аюултай. Инфляци буурахад аяндаа хадгаламжийн хүү буурч, түүнийгээ дагуулаад зээлийн хүү багасах нөхцөл бололцоо бүрдэнэ гэж харж буй ажээ. Энэ хүрээнд мөн Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-аар батлах зэрэг хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулж өгөх ажил ч нэлээд бий гэнэ.
Ер нь УИХ-аас 2012 оны нэгдсэн төсвийг 1.2 их наяд төгрөгөөр танасан нь төв банкныхны хувьд олзуурхууштай мэдээ болж буйг нуугаагүй. Ирэх онд гаднаас ямар нэг хүчтэй цохилт өгчихгүй бол Монгол Улсын эдийн засаг харьцангуй тогтвортой байж, өсөлт гарах боломж бийг дуулгасан. Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд нийлүүлэлт талд нэлээд анхаарах шаардлагатай. Тодруулж хэлбэл, жил бүрийн хаварт махны үнэ нэмэгддэг. Үүнд нийлүүлэлт нөлөөлдөг. Энэ өвлөөс эхлээд махны үнэ буурахгүй байх дүр зураг буух болсон. Жижиг ченжүүд мах авчирч худалддаг байсан нь хумигдаж тав шахам том аж ахуйн нэгж энэ ажлыг гардах болсон нь нэг талдаа сайн нөлөө үзүүлэх ч гэлээ нөгөө талдаа бас үнэ өсч мэдэх нөхцөл бололцоог бүрдүүлэх болжээ. Хоёр дахь инфляцид нөлөө үзүүлдэг гадны нөлөөлөл нь нефтийн бүтээгдэхүүн. Үнэ ханш, нийлүүлэлт аль аль нь тогтвортой байвал эдийн засагт савлагаа үүсгэх шалтгаанууд бага байх ажээ.
Тус байнгын хорооны гишүүд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж тогтлоо. Монгол Улсын нэгдсэн төсвийг тухайн оных нь мөнгөний бодлоготой уях зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ ч үүднээс тус байнгын хороо мөнгөний бодлогыг маргааш чуулганаар батлах боломжийг ийнхүү олгов.
Г.Дарь