Үндэсний лигийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн багийн тамирчид өрсөлдсөн. Улмаар аваргын төлөө эрэгтэйчүүдээс өнгөрсөн жилийн аварга “Буянт-Ухаа” болон “Харх” багууд, эмэгтэйчүүдээс “Энагура” ба “ДЦС-4” багууд шалгаран үлдээд байгаа билээ. Харин хүрэл медалийн төлөө эрэгтэй “Сүлд” ба “Уурхайчин”, эмэгтэй “Уурхайчин” ба “Тэнүүн Огоо” багууд ширүүн өрсөлдөөнийг үзүүлж байна.
Багууд гурван тойргийн тоглолт хийж, финалын шатанд өрсөлдөх багууд тодорсон бөгөөд шигшээ тоглолтууд энэ сарын 23-нд эхэлсэн юм. Өчигдөр багууд ээлжит тоглолтоо хийж, бүх тоглолтын цувралын харьцаа 2:1 болжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн төрөлд аваргын төлөө өрсөлдөж буй “Буянт-Ухаа”, “Харх” багийн тоглолт 2:1 харьцаатай аваргуудын давамгайлал дор үргэлжилж байгаа бол хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнийг “Сүлд” мөн л 2:1 харьцаатай тэргүүлж байна. Харин эмэгтэйчүүдээс “Энагура”-гийн охид гурван тоглолтын дараагаар 2:1 харьцаатай өнгөрсөн жилийн аваргуудыг илүүрхэж байгаа бол хүрэл медалийн төлөөх тоглолтод “Уурхайчин” тэргүүлж байгаа юм. Багууд түрүүлж гурван хожил авах ёстой тул лигийн шийдвэрлэх тоглолтууд маргааш Спортын төв ордны А зааланд болно. Эндээс эмэгтэй “Энагура”, “Уурхайчин” болон эрэгтэй “Буянт-Ухаа”, “Сүлд” багууд учраагаа ялбал энэ жилийн волейболын үндэсний лигийн медалийн эзэд тодорно. Харин өрсөлдөгч багууд цувралын харьцааг тэнцүүлсэн тохиолдолд шийдвэрлэх эцсийн “тулаанууд” ирэх баасан гаригт болох юм.