МАН-ын бага хурал сценарийн дагуу өрнөв

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

МАН-ын бага хурал сценарийн дагуу өрнөв

МАН-ын Бага хурал өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд илтгэл тавьсанаар эхэлсэн. Хурлын үеэр анхаарал татсан асуудал нь намын Ёс зүйн дүрмийг шинэчлэх, УИХ-ын 2012 оны сонгуульд ямар тактикаар оролцох вэ гэдгээс гадна чухам хэн, хэнд хариуцлага тооцох, МАН-ын орон тооны болон орон тооны бус эмэгтэй нарийн бичгийн даргаар хэнийг томилох вэ зэрэг байв.  Ардын намын дарга илтгэлдээ “Намаас нэр дэвшин сонгогдож, томилогдсон, ажил албаа сайн хийдэггүй, өөрийг нь дэмжиж тусалж гаргаж ирсэн нам, журмын нөхдөө хүндэтгэдэггүй, зөвхөн хувийн нэр, зорилгоо урдаа тавьдаг хүн манай намд төдийгүй улс төрийн бусад хүчинд ч хэрэггүй” гэж дурьдсан нь МАН-ын дотоодод эл асуудал хурцаар тавигдаж  байгаа гэдгийг илтгэж байсан. Мөн МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Л.Дондог Ёс зүйн дүрмийн 41.3 буюу намын нэрээр УИХ-д сонгогдсон ги­шүүнд хариуцлага тооцох тухай заалтад өөрчлөлт оруулах саналтай байгаагаа хэлж байв. Ёс зүйн дүр­мийн дагуу хариуцлага тооцох гэхээр УИХ-ын гишүүд Үндсэн хууль, УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээрээ далайлгадаг гэнэ. Бага хурлын өмнөхөн Хөвсгөл, Дорнод, Увс, Дорноговь аймгийн Засаг дарга нарыг эгүүлэн татах асуудлыг ярихаас гадна “Эсэргүү дөрөв” гэгдэх болсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ц.Бат­баяр нартай хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл гарсан. Гэсэн ч намын удирдлагууд болон аймгийн Засаг дарга нар “Хариуцлага тооцно” гэснийг үгүйсгээд “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл гарсан байна” гэлээ. Ерөнхийдөө бага хурлын II хуралдааны үеэр хэн нэгэнд хариуцлага тооцох талаар ярьсангүй. Харин Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нарын дөрвөн гишүүнийг “АН-ын гишүүд намын даргыг нь огцруулах гэж байхад дэмжиж гарын үсэг зурсан” гэх зэргээр хэд, хэдэн хүн шүүмжлээд өнгөрчээ. Гэсэн ч МАН-аас УИХ-д сонгогдсон зарим гишүүн “Өнөөдөр /өчигдөр/ хариуцлага тооцох талаар яриагүй ч цаашид ямар нэгэн арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй” гэж байлаа. Тодруулбал, улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзахаас өгсүүлээд УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах зэргээр хариуцлага тооцож магадгүй гэж байв.

Бага хурлын ээлжит хуралдааны үеэр МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар “TV-5” телевизийн зөвлөх Д.Сарангэрэл, Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нарыг сонгосон. Мөн МАН-ын орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энх-түвшин, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нарыг санал нэгтэйгээр баталсан юм. МАН-ын Удирдах зөвлөлд нэг орон тоо гарсан бөгөөд энэ албан тушаалын эзэн нь ч Ц.Цогзолмаа байв. Тус намын Удирдах зөвлөлийн гишүүд дээрх хүмүүсийн нэрийг аль хэдийнэ товлосон байсан учраас өрсөлдөгч ч байсангүй. Түүнчлэн 12 хүнийг МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгосон. Тэдний дунд саяхнаас Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах болсон “Үндэсний Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав, “Өглөөнийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Л.Нинжжамц, НАМЭХ-ны дэд тэргүүн П.Анужин нар байсан билээ. “Л.Нинжжамцыг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжлэгтэйгээр Бага хурлын гишүүн болсон” гэсэн мэдээлэл ч сонсогдож байлаа. МАН-ын Бага хурал ийнхүү хэн нэгэнд хариуцлага тооцох тухай шүүмжлэл, албан тушаалтныг томилоход гардаг өрсөлдөөнгүйгээр дууссан. Нэг ёсондоо МАН-ын Удирдах зөвлөл, тэр дундаа Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн найруулсан сценарийн дагуу МАН-ын Бага хурлын II хуралдаан боллоо.

Т.Урангэрэл

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж