Өмнөд Солонгосчууд Ли Мён Багийг огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосчууд Ли Мён Багийг огцрохыг шаардав

Өмнөд Солонгосын фер­мерүүд Ерөн­хийлөгч Ли Мён Багийг огц­рохыг шаардаж байна. Тэд Өмнөд Солонгос, АНУ-ын хооронд бай­гуул­сан чөлөөт худалдааны гэ­рээг шүүмжилж, “эх ор­ноо худалдсан” төрийн мян­дагтнуудын эсрэг “Сөү­лийг эзэл” хөдөлгөөн хүртэл зо­­хион байгуулаад байгаа юм. Жагсагчид “Ли Мён Баг огцор!”, “Энэ гэрээ хү­чингүй” гэх мэт үгс бүхий лоозон барьцгаасан байна. Өнгөрсөн арав­дугаар сарын 6-нд Сөүлд 6000 ор­чим фермер цуглаж, АНУ-тай бай­гуулах чөлөөт худалдааны гэ­рээг эсэргүүцэж байв. Түүнээс хойш Сөү­лийн төв тал­байд үе, үе  эсэр­гүүцлийн жаг­саал цуглаан болсоор өн­гөрсөн бямба гарагт 2000 га­руй хүн дахин цуглажээ. Гэхдээ зохион байгуулагчид нь “Тэнд 20 мянган хүн цуг­ласан” хэмээн мэдээлсэн юм. Тэднийг тараахын тулд 8000 цагдаа дайчлагдсан аж. Энэ үеэр жагсагчид бо­лон хууль сахиулагчдын хоо­­ронд мөргөлдөөн гарсан бай­на. Үүнээс болж 40 орчим цаг­даа шархджээ. Түүнчлэн нэ­­­лээд олон хүнийг ба­рив­чил­­жээ. Өмнөд Солонгосын Ерөн­­­хийлөгч Ли Мён Баг хүч хэрэглэсэн явдлыг буруушааж “Энэ бол ард­чиллын эсрэг хийж буй үйлдэл” хэмээн мэдэгдсэн.

Өмнөд Солонгосын эрх баригч, консерватив нам АНУ-тай чөлөөт худалдаа хийх талаар парламентад танилцуулж байх үед сөрөг хүчний нэг гишүүн нулимс асгаруулагч хий цацан эсэргүүцлээ илэрхийлж байв. Гэхдээ энэ хэлцлийг олонхийн саналаар баталсан юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Баг “Хоёр орны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулагдсан нь АНУ-ын хямралын эсрэг авч байгаа хамгийн үр өгөөжтэй арга хэмжээний нэг боллоо. Харин миний бие Ерөнхийлөгч болох үедээ тавьж байсан зорилтын нэг болох Өмнөд Солонгос улсыг дэлхийн гол тоглогч гүрэн болгох явдал. Бидний хамтын ажиллагаа энэ зорилгод хүрэхэд том ахиц болж чадлаа” хэмээн ярьсан юм.

АНУ, Өмнөд Солонгосын хоо­ронд чөлөөт худалдааны гэрээ бай­гуулах асуудал аль 2006 оны зур­гаадугаар сараас хойш яригдсан. Харин өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын Конгрессын гишүүд энэхүү хэлцлийг дэмжин баталж, тусгай хууль гаргасан билээ. АНУ-ын хувьд 1994 онд Канад, Мексиктэй ийм гэрээ байгуулснаас хойшхи хамгийн том худалдааны гэрээ болж байгаа юм. Үүний ачаар АНУ-аас Азийн зах зээл рүү гаргах экспортын хэм­жээ 10 тэрбум ам.доллараар нэмэг­дэх тооцоотой байна. Зөвхөн өнгөр­сөн онд л гэхэд АНУ, Өмнөд Солон­госын хооронд хийгдсэн ху­далдаа 90 тэрбум ам.долларт хүрч байв.

Харин Өмнөд Солонгосын фер­мер, ажилчид үүнийг яагаад эсэр­гүүцэж байна вэ. Тэдний үзэж байгаагаар АНУ-тай чөлөөт ху­далдааны гэрээ байгуулах нь амь­жиргаанд нь нөлөөлж, харин аме­рик ажилчид олон давуу тал эдлэх боломжтой болох юм. Жагсагчдын үгэнд хариу болгож Өмнөд Со­лонгосын Ерөнхийлөгчийн алба­наас мэдэгдэл хийжээ. Үүнд, тус улсын Засгийн газар фермерүүд болон жижиг бизнес эрхлэгчдэдээ цаашид ч дэмжлэг үзүүлнэ гэд­гээ сануулж, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд хийж буй нэг алхам нь АНУ-тай хийх чөлөөт худалдааны гэрээ гэдгийг онцолсон байна. Гэхдээ сонгууль дөхөж байгаа энэ үед Өмнөд Солонгосын эрх баригч нам ийнхүү томоохон эсэргүүцэлтэй тулгарсан нэлээд эрсдэлтэй алхам боллоо. Харин “The Australian” со­нинд мэдээлснээр Өмнөд Со­лон­гостой чөлөөт худалдааны гэрээ байгуулах дараагийн улс нь Австрали болох бололтой.

Чөлөөт худалдааны гэрээ бай­гуулснаар АНУ-ын автомашин үйлд­вэрлэгчид Өмнөд Солонгосын зах зээл рүү чөлөөтэй нэвтрэх бо­ломж бүрдэж байгаа. Гэтэл Өмнөд Солонгосын экспортод автомашины худалдаа томоохон байр суурь эзэл­дэг. Тиймээс сөрөг хүчнийхэн нь иргэдийнхээ эрх ашгийг хөндсөн хууль батлах гэж байна хэмээн хүчтэй шүүмжилсэн юм.

Энэ гэрээ АНУ-ын хувьд мэдээж ашигтай. Хятадын Засгийн газар 2008 онд юанийн ханшийг ам.доллараас хүчээр уяж, үйлдвэрлэгчдийнхээ ба­рааны үнийг доогуур тогтоох бол­сон. Энэ нь АНУ, Европын зах зээлд Хятадын компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулж байв. Хямд үнэтэй барааг бүгд сонирхоно. Энэ утгаараа Америкийн экспортлогчид томоохон алдагдал хүлээсэн билээ. АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер нэгэнтээ эдийн засаг нь сулран доройтож байгаагийн бу­руутнаар Хятадыг нэрлэж байсан нь бий. Ямартай ч Барак Обамагийн засаг захиргаа хоёр оронтой тоонд ойртсон ажилгүйдлийн түвшинг буу­руулж, мөнгөний эргэлтээ сайж­­руулахын тулд экспортоо нэ­мэг­дүүлэх ёстой болсон юм. Б.Обама саяхан болж өнгөрсөн Ази, Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Индонез тэргүүтэй оронтой худалдаагаа хөг­жүүлэхээр олон гэрээ, хэлцэл бай­гуулсан. Тэрбээр “АНУ хямралаас гарах гарцаа олчихлоо” хэмээн баярлаж байгаагаа ч хэлжээ. АНУ Ази руу хандаж, эдийн засгаа тогт­вор­жуулахыг хичээх болсон. Үүнийг нотлох хамгийн том жишээ бол Өмнөд Солонгостой байгуулж буй чөлөөт  худалдааны гэрээ юм.

Харин Өмнөд Солонгосчууд энэ гэрээнээс юу хожих вэ. Тэд АНУ-ын автомашинаас гадна хө­дөө аж ахуй, газар тариалангийн салбарын бүтээгдэхүүнийг их хэм­жээгээр импортлох юм. Шин­жээчдийн дүгнэж байгаагаар им­порт нэмэгдсэнээс болж гадаад худалдааны илүүдэл нь эрс багасах аж. Харин Өмнөд Солонгосын авто­машин үйлдвэрлэгчид тат­варын хөнгөлөлттэй нөхцөлөөр бү­­­­­тээг­дэ­хүү­нээ экспортлохоор бол­­­­сон. Гэхдээ нөгөөдүүл нь авто­маши­нуудаа хаа­шаа гаргах нь бас л эргэлзээтэй. Мөн энэхүү гэрээгээр дамжуулж Өмнөд Солонгост гадны хөрөнгө оруу­лалт нэмэгдэн ажлын байр ол­ноор бий болно гэдгийг эрх ба­ригчид нь амлаж байна. Энэ оны эхээр Өмнөд Солонгосын пар­ламент Европын холбоотой бай­гуулах чө­лөөт худалдааны гэрээг ба­талсан би­лээ. Түүнийг АНУ-тай байгуулсан гэрээтэй адилтгаж бо­лох юм. Гэхдээ сүүлийнх нь хувьд хэлэлцэгдэж эхэлсэн ца­гаа­саа хойш хэл аманд орж, хэвлэл мэ­дээллийн хэрэгслийнхний бай бол­сон. АНУ-ын төлөөлөгчид Өм­нөд Солонгост очих бүрт хэв­лэлүүд тэднийг ямар нэгэн нууц тохиролцоо хийх гэж байна хэмээн хардаж байсан тухай “Wall Street Journal” сонин мэдээлжээ. Харин АНУ, Өмнөд Солонгосын хооронд байгуулсан чөлөөт худалдааны гэ­рээг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үргэлжилсээр байна.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж