Өмнөд Солонгосын эрх баригч, консерватив нам АНУ-тай чөлөөт худалдаа хийх талаар парламентад танилцуулж байх үед сөрөг хүчний нэг гишүүн нулимс асгаруулагч хий цацан эсэргүүцлээ илэрхийлж байв. Гэхдээ энэ хэлцлийг олонхийн саналаар баталсан юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Баг “Хоёр орны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулагдсан нь АНУ-ын хямралын эсрэг авч байгаа хамгийн үр өгөөжтэй арга хэмжээний нэг боллоо. Харин миний бие Ерөнхийлөгч болох үедээ тавьж байсан зорилтын нэг болох Өмнөд Солонгос улсыг дэлхийн гол тоглогч гүрэн болгох явдал. Бидний хамтын ажиллагаа энэ зорилгод хүрэхэд том ахиц болж чадлаа” хэмээн ярьсан юм.
АНУ, Өмнөд Солонгосын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудал аль 2006 оны зургаадугаар сараас хойш яригдсан. Харин өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын Конгрессын гишүүд энэхүү хэлцлийг дэмжин баталж, тусгай хууль гаргасан билээ. АНУ-ын хувьд 1994 онд Канад, Мексиктэй ийм гэрээ байгуулснаас хойшхи хамгийн том худалдааны гэрээ болж байгаа юм. Үүний ачаар АНУ-аас Азийн зах зээл рүү гаргах экспортын хэмжээ 10 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцоотой байна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд АНУ, Өмнөд Солонгосын хооронд хийгдсэн худалдаа 90 тэрбум ам.долларт хүрч байв.
Харин Өмнөд Солонгосын фермер, ажилчид үүнийг яагаад эсэргүүцэж байна вэ. Тэдний үзэж байгаагаар АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулах нь амьжиргаанд нь нөлөөлж, харин америк ажилчид олон давуу тал эдлэх боломжтой болох юм. Жагсагчдын үгэнд хариу болгож Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албанаас мэдэгдэл хийжээ. Үүнд, тус улсын Засгийн газар фермерүүд болон жижиг бизнес эрхлэгчдэдээ цаашид ч дэмжлэг үзүүлнэ гэдгээ сануулж, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд хийж буй нэг алхам нь АНУ-тай хийх чөлөөт худалдааны гэрээ гэдгийг онцолсон байна. Гэхдээ сонгууль дөхөж байгаа энэ үед Өмнөд Солонгосын эрх баригч нам ийнхүү томоохон эсэргүүцэлтэй тулгарсан нэлээд эрсдэлтэй алхам боллоо. Харин “The Australian” сонинд мэдээлснээр Өмнөд Солонгостой чөлөөт худалдааны гэрээ байгуулах дараагийн улс нь Австрали болох бололтой.
Чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид Өмнөд Солонгосын зах зээл рүү чөлөөтэй нэвтрэх боломж бүрдэж байгаа. Гэтэл Өмнөд Солонгосын экспортод автомашины худалдаа томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс сөрөг хүчнийхэн нь иргэдийнхээ эрх ашгийг хөндсөн хууль батлах гэж байна хэмээн хүчтэй шүүмжилсэн юм.
Энэ гэрээ АНУ-ын хувьд мэдээж ашигтай. Хятадын Засгийн газар 2008 онд юанийн ханшийг ам.доллараас хүчээр уяж, үйлдвэрлэгчдийнхээ барааны үнийг доогуур тогтоох болсон. Энэ нь АНУ, Европын зах зээлд Хятадын компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулж байв. Хямд үнэтэй барааг бүгд сонирхоно. Энэ утгаараа Америкийн экспортлогчид томоохон алдагдал хүлээсэн билээ. АНУ-ын Сангийн сайд Тимоти Гайтнер нэгэнтээ эдийн засаг нь сулран доройтож байгаагийн буруутнаар Хятадыг нэрлэж байсан нь бий. Ямартай ч Барак Обамагийн засаг захиргаа хоёр оронтой тоонд ойртсон ажилгүйдлийн түвшинг бууруулж, мөнгөний эргэлтээ сайжруулахын тулд экспортоо нэмэгдүүлэх ёстой болсон юм. Б.Обама саяхан болж өнгөрсөн Ази, Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Индонез тэргүүтэй оронтой худалдаагаа хөгжүүлэхээр олон гэрээ, хэлцэл байгуулсан. Тэрбээр “АНУ хямралаас гарах гарцаа олчихлоо” хэмээн баярлаж байгаагаа ч хэлжээ. АНУ Ази руу хандаж, эдийн засгаа тогтворжуулахыг хичээх болсон. Үүнийг нотлох хамгийн том жишээ бол Өмнөд Солонгостой байгуулж буй чөлөөт худалдааны гэрээ юм.
Харин Өмнөд Солонгосчууд энэ гэрээнээс юу хожих вэ. Тэд АНУ-ын автомашинаас гадна хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортлох юм. Шинжээчдийн дүгнэж байгаагаар импорт нэмэгдсэнээс болж гадаад худалдааны илүүдэл нь эрс багасах аж. Харин Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгчид татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр бүтээгдэхүүнээ экспортлохоор болсон. Гэхдээ нөгөөдүүл нь автомашинуудаа хаашаа гаргах нь бас л эргэлзээтэй. Мөн энэхүү гэрээгээр дамжуулж Өмнөд Солонгост гадны хөрөнгө оруулалт нэмэгдэн ажлын байр олноор бий болно гэдгийг эрх баригчид нь амлаж байна. Энэ оны эхээр Өмнөд Солонгосын парламент Европын холбоотой байгуулах чөлөөт худалдааны гэрээг баталсан билээ. Түүнийг АНУ-тай байгуулсан гэрээтэй адилтгаж болох юм. Гэхдээ сүүлийнх нь хувьд хэлэлцэгдэж эхэлсэн цагаасаа хойш хэл аманд орж, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний бай болсон. АНУ-ын төлөөлөгчид Өмнөд Солонгост очих бүрт хэвлэлүүд тэднийг ямар нэгэн нууц тохиролцоо хийх гэж байна хэмээн хардаж байсан тухай “Wall Street Journal” сонин мэдээлжээ. Харин АНУ, Өмнөд Солонгосын хооронд байгуулсан чөлөөт худалдааны гэрээг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үргэлжилсээр байна.
"Улс төрийн тойм" сонин