Олон жилийн дунджаас ахиу цас орно

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Олон жилийн дунджаас ахиу цас орно

Арваннэгдүгээр сар гарснаас хойш ихэнх нутгаар хүйтэрч, шөнөдөө 20-29 хэм хүрч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим нутгаар 0-9 см зузаан цас тогтсон байна. Сарын дунд хэсэгт цасны зузаан нэмэгдсэн аж. Нийслэл хотын хувьд өнөөдөр, маргааш багавтар үүлтэй, өдөртөө 10-12, шөнөдөө 20-23 хэмийн дундаж төлөвтэй байсаар 12 дугаар сартай залгах урьдчилсан мэдээлэл байна.

Харин ирэх сарын хувьд баруун зүгийн нутгаар хүйтний эрч чангарах аж. Ихэнх нутгаар сарын эхний арав хоногийн эхэн ба сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларч, 20-ноос хүйтний эрч чангаран, Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 39-44, өдөртөө 26-31 хэм хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутагт хүйтний эрч суларч, түүнээс хойш хүйтний эрч чангарах юм байна. 

Ирэх сард Ховдын зүүн, Увс, Завханы өмнөд, Баянхонгорын хойд  хэсэг болон Говь-Алтайн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох бол бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орж болзошгүй гэнэ. Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с, гуравдугаар арав хоногийн эхээр  ихэнх нутгаар 16-18 м/с, нутгийн өмнөд хэсгээр 20-24 м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Харин төвийн нутгуудын хувьд агаарын температурын дундаж Дархадын хотгороор 22-27, Өвөрхангайн ихэнх нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр  10-15, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байх ба ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0 градусаар хүйтэн, Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим байх аж. Сарын эхэнд хүйтний эрч сул байх бөгөөд 20-ноос хүйтэрч, эргээд гуравдугаар арав хоногоос сулрах төлөвтэй байна.

Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэдээлснээр ерөнхийдөө ирэх сарын эхээр нийт нутгаар хүйтний эрч сул байх бөгөөд дунд үеэс хүйтэрч, олон жилийн дунджаас ахиу цас орох төлөв ажиглагдаж байна. 

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж