Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар үгээ хэлэх цаг болсон

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар үгээ хэлэх цаг болсон

“Засгийн газрын хорь­дугаар тогтоол давтагдах уу”, “Төгрөгийн ханш одоо­гийнхоос хоёр дахин унах уу” гэсэн асуултууд өнгөрсөн долоо хоногт олон нийтийн дунд дуулиан тарилаа. Энэ сэдэв жирийн ард иргэдийн хувьд том асуудал. Тиймээс ч одоо хэр нь эмзэглэл арилаагүй, энэ талаарх яриа тасраагүй байна. Монголбанкны за­рим газрын захирлууд хэв­лэлийн бага хурлын үеэр “Ор үндэслэлгүй цуурхал” хэ­мээснийг эс тооцвол төр төлөөлсөн томоохон албан тушаалтнуудаас нэг нь ч тодорхой хариу хэлсэнгүй. Тэр тусмаа Монголбанкны ерөнхийлөгч хийгээд Сан­гийн сайдын зүгээс ганц үг ганхийсэнгүй. Энэ нь “Одоохондоо шийдээгүй бай­­гаа болохоос магадгүй юм бай­на” гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлж буйг ан­хаа­рахгүй өнгөрөх аргагүй юм. Дээр нь Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн дар­гын болчимгүй унагасан үгээс болж, хэвлэлүүд энэ та­лаар дуулиантай мэдээллүүд ца­цах болсон нь байдлыг улам хур­цатгав. Үүнтэй зэрэгцэн автомашин, орон сууц, мах зэрэг зарим хүнсний бүтээг­дэхүүний үнэ нэмэгдэж эхэлсэн нь нөхцөл байдал үнэхээр амаргүй болж буйг батлах мэт болж иргэдийг төөрөгдүүлж байгаа юм.

Статистик мэдээнээс ха­рахад нийслэлд 12.6, улсын хэмжээнд 10.9 хувьтай байгаа инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг амархан асуудал биш. Үүнийг нийгмийн тодорхой хэсэг ойлгож байгаа. Тэр тусмаа сонгуулийн өмнөх жил болон сонгуулийн жилд инфляци өсөж, төгрөгийн ханш унаж, ам.долларын ханш 1500 төгрөгт хүрч бай­сан жишээ буй. 

Харин нэг л өглөө сэрэхэд түрийв­чинд байсан төгрөгийнх нь үнэ цэнэ хоёр дахин буурсан байна гэдэг ир­гэн бүрт айдас төрүүлж байна. Энэ тохиолдолд Засгийн газар ч, Мон­голбанк ч иргэдэд байр сууриа танилцуулах ёстой. Эс тэгвээс ам дамжсан баттай бус яриа газар авсаар нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй.

Хэрэв Монголбанкны захирлуу­дын хэлснээр энэ бүхэн ор үндэс­гүй яриа мөн бол яагаад энэ айм­­шигт  цуурхлыг  Засгийн газар, Мон­гол­банкныхан няцаахад анхаарахгүй байна вэ. Эсвэл болзошгүй үнэнийг Б.Лхагважав захирал хэлчихэв үү. Гэтэл Б.Лхагважав хэлээгүй үгийг минь хэлсэн болголоо хэмээн гом­доллож буй. Тэгсэн хэрнээ огцрох өр­гөдлөө өгчихсөн байдаг. Ер нь Мон­голбанкинд юу болоод байгаа юм бэ. Тэнд асуудлын гогцоог тайлж, албан ёсны мэдээлэл өгчих эрх мэдэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан хүн байна уу.

Нөгөөтэйгүүр Монголбанкныхан төсвийн зарлагыг нэг их наяд төгрөгөөр хасчихвал инфляцийг нэг оронтой тоонд бариад байж болохоор бүдүүн баараг тойм хэлээд байгаа. Үүнийг УИХ дахь намын бүлгүүд хэ­лэл­цэж, байр сууриа нэгтгэхдээ 1.1 их наяд төгрөгөөр төсвийн зар­ла­гыг танахаар боллоо. Харин одоо Мон­гол­банкныхан хэлсэндээ хүрч, инф­ляциа барьж чадахгүй бол яана аа.

Энд нэг ээдрээтэй асуудал байх шиг. Юу гэвэл уг нь Монгол­банк­ныхан төсвийн зарлагыг тануу­лахаасаа илүү алдагдлаасаа тануул­сан бол илүү ач холбогдолтой бай­маар юм. Төсвийн зарлага их, ба­гаас бус орлого, зарлагын баланс хэт алслагдаж, алдагдлын хэмжээ өс­сөнөөс болж эрсдэлүүд үүсээд бай­гаа нь илт харагдаж байна. Үүний дараа төсвийн алдагдлаа ямар эх үүс­вэрээс хэрхэн санхүүжүүлээд бай­на вэ гэдэг онцгой анхаарал та­таж буй. Хэрэв төсвийн алдагдлаа дотоод зах зээлээсээ зээлээд нөхөөд явбал инфляцид нөлөөлөхгүй. Харин Монголбанкнаас нөхнө гэвэл дахин мөнгө хэвлэхэд хүрч, төгрөгийн ханш унах эрсдэлтэй. Татварын орлогын хувьд инфляцийг үүсгэдэггүй онц­логтой.

Түүнчлэн сүүлийн үед төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэх сургаар инфляци өсөх нь гэж сандран түгшүүр зарлах нь ажиг­лагдах боллоо. Сангийн сайд ч тө­рийн албан хаагчдын цалинг ирэх оны дөрөвдүгээр сар, аравдугаар сард тус тус нэмэхээ амласан. Энэ ч мөн баялгийг, эдийн засгийн өсөл­тийг онилсон арга хэмжээ байж болох талтай. Зөв талаас нь ажиг­лаваас цалин нэмснээр иргэ­дийн, өрхийн орлого нэмэгдэнэ. Тө­рийн албан хаагчдын цалинг нэ­мэх нь хувийн хэвшлийнхнийг мөн цалингаа нэмэхээс аргагүйд хүр­гэдэг. Ингэснээр нийт ажиллах хүчний дундаж цалин нэмэгдэх нь дамжиггүй. Хамгийн гол нь “цалин бага” гэдэг шалтгаанаар олон жилийн турш хүний нутагт боолын хөдөлмөр эрхэлж яваа залууст эх нутагтаа ирж ажиллах уриалга болох юм. Аливаа улс оронд ажилгүйдлийн түвшинг 5-6 хувьтай байхад боломжийн гэж үздэг. Сүүлийн үед Засгийн газраас “Он гарсаар 63 мянган хүн шинээр ажлын байртай боллоо” хэмээн мэдээлж байна. Үүний үр дүн нь ца­лин хөлсний хэмжээ нэмэгдсэнтэй то­дорхой хэмжээгээр холбоотой. Нөгөөтэйгүүр, ажил эрхэлж буй мон­гол хүн бүр манай баялаг, эдийн зас­гийн өсөлтөд хувь нэмрээ оруулж буй гэдэгт эргэлзэх хэрэггүй билээ. Манай улсын хувьд хөдөлмөрийн бү­тээмжийн өсөлт энэ оны эхний хагас жилийн байдлаар 2.8 хувьтай, бодит цалин 5.94 хувь буюу даруй хоёр дахин өндөр үзүүлэлттэй бай­на. Эдийн засгийн халалттай үед илүүдэл эрэлтийг хангахын тулд үйлд­вэрлэлийн нэмэлт хүчин зүйл шаард­лагатай болох бөгөөд нэмэлт нэгж хөдөлмөрийг худалдан авахын тулд цалинг өсгөх шаардлагатай болж буйг ч төрийн мөнгөний талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлд тусгажээ.

Энэ бүх нөхцөл байдлаас харахад хэрэв олон нийтийг хийрхүүлсэн “эв­гүй мэдээ”-ний үнэн мөнийг олж, үнэн бодит хариултыг иргэдэд өг­чихвөл одоохондоо тийм ч айм­шигтай байдал үүсээгүй байна. Хэ­дийгээр инфляци яльгүй өсөж, төгрөгийн ханш унана хэмээн муу амлах хүн олон байгаа ч өнгөрсөн оны өдийд ч бас ийнхүү айлгаж байсныг мартах аргагүй. Гэвч Мон­гол­банкныхан боломжийн хэм­жээнд ажилласны дүнд оны эцэст 27-30 хувьд хүрч болзошгүй хэ­мээж байсан инфляцийг хяналтдаа байл­гаж 11 хувь дээр тогтоон барьж чад­сан. Энэ удаад ч зөв бодлого хэ­рэг­жүүлж чадвал инфляци заавал 20 гаруй хувьд хүрч, төгрөгийн ханш унах албагүй. Гэхдээ үүнд томоохон нөлөөлөл үзүүлэх Төсвийн хууль хэрхэн тэлж батлагдахыг тааш­гүй. Манай улстөрчид эдийн за­сагт дайсагнах мэт асар өндөр ал­даг­далтай төсөв баталчихаад Мон­гол­банкныханд “Инфляцийг нь та нар тогтоож бууруулаарай”  гээд хаячихдаг. Сонгуульд оролцохдоо “Би эх орондоо хайртай шүү” хэмээн хаш­гирч явдаг тийм л улстөрчид Төс­вийн  тухай хуулийг батлах гэж байна.

Дашрамд дурьдахад УИХ ирэх сарын 1-ий дотор Төсвийн тухай хуу­лийг батлах ёстой. Энэ үүргээ мөн л биелүүлж чадахгүй шөнө дөл болтол хуралдсан ч ирэх сонгуулийн имиж болсон гол хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахаар ёстой л хальт мульт хэлэлцээд өнгөрөв. Эдийн зас­гийн хөгжлийн гол асуудалд хол­боотойгоос гадна сонгуулийн пиарын амин сүнс болсон Хүний хөгжил сан­гаас Монгол Улсын иргэдэд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд өөрч­лөлт оруулах, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Төс­вийн хүрээний мэдэгдэл, Төс­вийн төсөөллийн тухай хуульд өөрч­лөлт оруулах асуудлууд ийнхүү УИХ-ын эрхэм гишүүдийн “зүүд ной­рон дунд” анхны хэлэлцүүлэгт буцаж байна. Юу л болдог бол доо гэх айдас эрхгүй төрж буй ч бүхнийг ард түмний эрх ашигт нийцүүлэхийг хичээвэл хэцүү юм огт алга. Харин одоо Сангийн сайд, Монголбанкны удирдлагуудаас дахиад хүсье, хорьду­гаар тогтоол давтагдах уу. Хэлээд өгөөч.

У.Оргилмаа

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж