Статистик мэдээнээс харахад нийслэлд 12.6, улсын хэмжээнд 10.9 хувьтай байгаа инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг амархан асуудал биш. Үүнийг нийгмийн тодорхой хэсэг ойлгож байгаа. Тэр тусмаа сонгуулийн өмнөх жил болон сонгуулийн жилд инфляци өсөж, төгрөгийн ханш унаж, ам.долларын ханш 1500 төгрөгт хүрч байсан жишээ буй.
Харин нэг л өглөө сэрэхэд түрийвчинд байсан төгрөгийнх нь үнэ цэнэ хоёр дахин буурсан байна гэдэг иргэн бүрт айдас төрүүлж байна. Энэ тохиолдолд Засгийн газар ч, Монголбанк ч иргэдэд байр сууриа танилцуулах ёстой. Эс тэгвээс ам дамжсан баттай бус яриа газар авсаар нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй.
Хэрэв Монголбанкны захирлуудын хэлснээр энэ бүхэн ор үндэсгүй яриа мөн бол яагаад энэ аймшигт цуурхлыг Засгийн газар, Монголбанкныхан няцаахад анхаарахгүй байна вэ. Эсвэл болзошгүй үнэнийг Б.Лхагважав захирал хэлчихэв үү. Гэтэл Б.Лхагважав хэлээгүй үгийг минь хэлсэн болголоо хэмээн гомдоллож буй. Тэгсэн хэрнээ огцрох өргөдлөө өгчихсөн байдаг. Ер нь Монголбанкинд юу болоод байгаа юм бэ. Тэнд асуудлын гогцоог тайлж, албан ёсны мэдээлэл өгчих эрх мэдэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан хүн байна уу.
Нөгөөтэйгүүр Монголбанкныхан төсвийн зарлагыг нэг их наяд төгрөгөөр хасчихвал инфляцийг нэг оронтой тоонд бариад байж болохоор бүдүүн баараг тойм хэлээд байгаа. Үүнийг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж, байр сууриа нэгтгэхдээ 1.1 их наяд төгрөгөөр төсвийн зарлагыг танахаар боллоо. Харин одоо Монголбанкныхан хэлсэндээ хүрч, инфляциа барьж чадахгүй бол яана аа.
Энд нэг ээдрээтэй асуудал байх шиг. Юу гэвэл уг нь Монголбанкныхан төсвийн зарлагыг тануулахаасаа илүү алдагдлаасаа тануулсан бол илүү ач холбогдолтой баймаар юм. Төсвийн зарлага их, багаас бус орлого, зарлагын баланс хэт алслагдаж, алдагдлын хэмжээ өссөнөөс болж эрсдэлүүд үүсээд байгаа нь илт харагдаж байна. Үүний дараа төсвийн алдагдлаа ямар эх үүсвэрээс хэрхэн санхүүжүүлээд байна вэ гэдэг онцгой анхаарал татаж буй. Хэрэв төсвийн алдагдлаа дотоод зах зээлээсээ зээлээд нөхөөд явбал инфляцид нөлөөлөхгүй. Харин Монголбанкнаас нөхнө гэвэл дахин мөнгө хэвлэхэд хүрч, төгрөгийн ханш унах эрсдэлтэй. Татварын орлогын хувьд инфляцийг үүсгэдэггүй онцлогтой.
Түүнчлэн сүүлийн үед төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэх сургаар инфляци өсөх нь гэж сандран түгшүүр зарлах нь ажиглагдах боллоо. Сангийн сайд ч төрийн албан хаагчдын цалинг ирэх оны дөрөвдүгээр сар, аравдугаар сард тус тус нэмэхээ амласан. Энэ ч мөн баялгийг, эдийн засгийн өсөлтийг онилсон арга хэмжээ байж болох талтай. Зөв талаас нь ажиглаваас цалин нэмснээр иргэдийн, өрхийн орлого нэмэгдэнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь хувийн хэвшлийнхнийг мөн цалингаа нэмэхээс аргагүйд хүргэдэг. Ингэснээр нийт ажиллах хүчний дундаж цалин нэмэгдэх нь дамжиггүй. Хамгийн гол нь “цалин бага” гэдэг шалтгаанаар олон жилийн турш хүний нутагт боолын хөдөлмөр эрхэлж яваа залууст эх нутагтаа ирж ажиллах уриалга болох юм. Аливаа улс оронд ажилгүйдлийн түвшинг 5-6 хувьтай байхад боломжийн гэж үздэг. Сүүлийн үед Засгийн газраас “Он гарсаар 63 мянган хүн шинээр ажлын байртай боллоо” хэмээн мэдээлж байна. Үүний үр дүн нь цалин хөлсний хэмжээ нэмэгдсэнтэй тодорхой хэмжээгээр холбоотой. Нөгөөтэйгүүр, ажил эрхэлж буй монгол хүн бүр манай баялаг, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж буй гэдэгт эргэлзэх хэрэггүй билээ. Манай улсын хувьд хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт энэ оны эхний хагас жилийн байдлаар 2.8 хувьтай, бодит цалин 5.94 хувь буюу даруй хоёр дахин өндөр үзүүлэлттэй байна. Эдийн засгийн халалттай үед илүүдэл эрэлтийг хангахын тулд үйлдвэрлэлийн нэмэлт хүчин зүйл шаардлагатай болох бөгөөд нэмэлт нэгж хөдөлмөрийг худалдан авахын тулд цалинг өсгөх шаардлагатай болж буйг ч төрийн мөнгөний талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлд тусгажээ.
Энэ бүх нөхцөл байдлаас харахад хэрэв олон нийтийг хийрхүүлсэн “эвгүй мэдээ”-ний үнэн мөнийг олж, үнэн бодит хариултыг иргэдэд өгчихвөл одоохондоо тийм ч аймшигтай байдал үүсээгүй байна. Хэдийгээр инфляци яльгүй өсөж, төгрөгийн ханш унана хэмээн муу амлах хүн олон байгаа ч өнгөрсөн оны өдийд ч бас ийнхүү айлгаж байсныг мартах аргагүй. Гэвч Монголбанкныхан боломжийн хэмжээнд ажилласны дүнд оны эцэст 27-30 хувьд хүрч болзошгүй хэмээж байсан инфляцийг хяналтдаа байлгаж 11 хувь дээр тогтоон барьж чадсан. Энэ удаад ч зөв бодлого хэрэгжүүлж чадвал инфляци заавал 20 гаруй хувьд хүрч, төгрөгийн ханш унах албагүй. Гэхдээ үүнд томоохон нөлөөлөл үзүүлэх Төсвийн хууль хэрхэн тэлж батлагдахыг таашгүй. Манай улстөрчид эдийн засагт дайсагнах мэт асар өндөр алдагдалтай төсөв баталчихаад Монголбанкныханд “Инфляцийг нь та нар тогтоож бууруулаарай” гээд хаячихдаг. Сонгуульд оролцохдоо “Би эх орондоо хайртай шүү” хэмээн хашгирч явдаг тийм л улстөрчид Төсвийн тухай хуулийг батлах гэж байна.
Дашрамд дурьдахад УИХ ирэх сарын 1-ий дотор Төсвийн тухай хуулийг батлах ёстой. Энэ үүргээ мөн л биелүүлж чадахгүй шөнө дөл болтол хуралдсан ч ирэх сонгуулийн имиж болсон гол хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахаар ёстой л хальт мульт хэлэлцээд өнгөрөв. Эдийн засгийн хөгжлийн гол асуудалд холбоотойгоос гадна сонгуулийн пиарын амин сүнс болсон Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэдэд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлууд ийнхүү УИХ-ын эрхэм гишүүдийн “зүүд нойрон дунд” анхны хэлэлцүүлэгт буцаж байна. Юу л болдог бол доо гэх айдас эрхгүй төрж буй ч бүхнийг ард түмний эрх ашигт нийцүүлэхийг хичээвэл хэцүү юм огт алга. Харин одоо Сангийн сайд, Монголбанкны удирдлагуудаас дахиад хүсье, хорьдугаар тогтоол давтагдах уу. Хэлээд өгөөч.
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин