МАН-ын Бага хурлын гишүүнээр хэн хэн тодров?

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

МАН-ын Бага хурлын гишүүнээр хэн хэн тодров?

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаан даржин болж өнгөрлөө. Тус намын гишүүд эл хурлыг ардчилалгүй хурал хэмээн томъёолж байна, зөв ч болов уу. Ер нь тэгээд Бага хурлын уйтгартай сценарыг сонссоноос ирсэн зочдыг нь сонжсон нь хамаагүй дээр сонирхолтой гэсэн нь бараг л үнэнд нийцнэ. Тусгаар тогтнолын ордныг байгуулахад тэрбум төгрөг хандивлаж, хөрөнгөтэй аавын хүү гэдгээ харуулсан МАК-ийн Н.Номтойбаяр, “Петровис” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн О.Содбилэг, “Ноёд” группийн захирал Г.Буяндорж, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан, одоо Лондон хотноо төв банкны төлөөлөгчөөр ажиллаж буй Д.Энхжаргал гээд нэртэй айлын цуутай хүүхдүүдийг тус бага хурлын оролцогчдын суудлаас олж харж болохоор байв.

Д.Энхжаргалын хувьд МАН-ын Их хурлаас эхлээд Бага хурал болох бүрийд Лондон дах ажлаасаа түр чөлөө аваад Монголд саатдаг болсон нь бодвол намын ажлыг илүүд үздэгийнх биз. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайтай нэлээд зуур ажил хэргийн яриа өрнүүлнэ билээ, өчигдөр. Монголын хөрөнгийн бирж нь Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаад багагүй хугацаа өнгөрч буй бөгөөд боловсон хүчнүүдээ сургаж эхэлсэн. Энэ тухай яриа тэдний дунд нэлээд өрнөсөн юм. Ер нь Лондонгийн хөрөнгийн бирж шалгарахад Д.Энхжаргалын нөмөр нөөлөг нэлээд байсан гэх яриа цухалзаад намжсан нь ортой ч байж мэднэ. Юутай ч олон нийтийн зүгээс МАН-ын Бага хурлын гишүүд бол цул хөрөнгөтнүүд гэж ярьдагийг энэ удаагийн үйл явдал тод томруун харууллаа. Зүс таних нь дээрх эрхмүүд, цаана нь хэчнээн ч үе дамжсан улстөрч, бизнесмэнүүдийн үр сад байсан юм билээ, хэн мэдлээ дээ. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Р.Будын охин Анужин гээд бичвэл бас байна аа. Бага хурлын 14 гишүүнийг шинээр тодруулахад Б.Анужин сонгогдсон. Аавын нөмөр нөөлөг, ар талд нь бас НАМЭХ-ны түлхээс нэлээд байсан учраас түүнийг ногоон гэрлээр сонгогдсон гэх юм билээ. Бусад Бага хурлын гишүүдийг нэр заан дурдвал MCS-ийн дэд захирал Б.Энх-Амгалан, “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав нар нэлээд эртнээс Бага хурлын гишүүдээр нэр заан нэрлэгдчихсэн байсан  нөхдүүдийн нэг гэсэн. Б.Энх-Амгалан нь Хөвсгөл аймагт нэрээ дэвшүүлэхээр эртнээс бэлтгэлээ хангаж, нутгийнхнаа тойглож яваа нэгэн. Өнгөрсөн жилийн өдийгөөс эхлээд л тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийг хөрөнгө мөнгөөрөө айлгаж эхэлсэн юм. Гол нь хөдөөгийнхөн хөрөнгөтэй хүнд санал өгөх талдаа илүү байдаг болохоор эрхэм гишүүд жийрхдэг юм шиг байгаа юм. За энэ ч яахав, ямар ч байсан Бага хурлын гишүүнээр томилогдсон тэрбээр ирэх оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхийнхнээ нэг тийзийг авлаа. Аз нь түшвэл ирэх жил УИХ-ын гишүүн болно.

Бага хурлын гишүүнээр сонгогдсон сонирхолтой нэрсийн жагсаалтад бичигдэж буй хүн бол “Урбанек” компанийн захирал, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважавыг нэрлэж болно. МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын эдийн засгийн зөвлөхийн албанд томилогдоод удаагүй байгаа түүний хувьд Монголын ард түмэнд, тэр дундаа 67 мянган аж ахуйн нэгжид амлачихаад буй амлалт бол Татварын өршөөлийн хууль юм. Татварын өршөөлийн тухай хуулийн төслөө хэзээ Засгийн газраар дамжуулан өргөн барьж, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа өндөрлүүлэхээс өмнө батлуулах юм бүү мэд. Ямар ч байсан төсөл боловсруулснаа зарлахаасаа өмнө Бага хурлын гишүүн болж, нам доторх рейтингээ өсгөж чадлаа. 90 жилийн түүхтэй МАН-д ийм хялбар аргаар Бага хурлын гишүүн хэд бол гээд тоолбол тун л цөөхөн нэрс гарч ирж мэднэ шүү, аягүй бол. Хэр хол явахыг нь олон нийт тэр дундаа иргэний нийгмийн төлөөллийнхөн харж буй болохоор цаг хугацаа үзүүлэх биз дээ. Бусад Бага хурлын гишүүдээр сонгогдсон эрхмүүдийн тухайд цухас дурдвал “Өглөөний сонин”-ы эрхлэгч Л.Нинжжамц, “Үнэн” сонины орлогч эрхлэгч Ц.Бүдээхүү, “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав, мөн Т.Болормаа,  Ж.Оюунбилэг, Ж.Жамьянтив, Ч.Пунцаг, Б.Жаргалмаа, О.Алтансүх, Л.Доржхорлоо, Б.Галсандэндэв гэсэн 11 хүн сонгогдсон юм.

Ирэх онд УИХ болон орон нутгийн сонгууль болохтой холбоотойгоор МАН-ынхан нарийн бичгийн дарга нараа нэмэв. Одоо МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх зургаан нарийн бичгийг удирдана. Дөрөв нь орон тооны нарийн бичиг бол хоёр нь орон тооны бус нарийн бичиг. Бага хурлаар өчигдөр дөрвөн нарийн бичгийн даргыг шинээр томилсон. Тэдгээрээс ТV-5 телевизийн зөвлөх Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Цогзолмаа нар бол Бага хурал болохоос хэд хоногийн өмнө нарийн бичгийн даргаар томилогдох нь гэдэг тодорхой болчихсон байлаа.  Гол нь хэн нь орон тооны нарийн бичиг, хэн нь орон тооны бус нарийн бичгийн дарга болох вэ гэдэг л нууц байснаас биш. Өчигдөр бол Бага хурал TV-5 телевизийн зөвлөх Д.Сарангэрэлийг орон тооны нарийн бичгээр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Цогзолмааг орон тооны бус нарийн бичгийн даргаар томиллоо. Тэгвэл үлдэж буй хоёр нарийн бичиг нь хэн бэ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин атоматоор орон тооны бус нарийн бичгийн даргаар томилогдов. Тус намын дүрэмд зааснаар УИХ дахь намын бүлгийн дарга орон тооны бус нарийн бичгийн дарга байдаг аж. Өмнө нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ийм орон тоон дээр байсан ч албаа өнгөрсөн зун өгснөөр Ө.Энхтүвшин даргыг сонгох шалтгаан үүссэн байжээ. Дөрөв дэх нарийн бичиг нь НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ.

МАН-ын Бага хурлын зохион байгуулалтын шатанд хийсэн бас нэг “сюрприз” нь Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгосон явдал болов. Д.Алтай Хүүхдийн төлөө үндэсний төвийн даргаар томилогдож төрийн алба хаших болсноор МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний орон тоо нэгээр онгойгоод байсныг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Цогзолмаа өчигдрөөс “бөглөж” эхэллээ. Түүнийг МАН-ын Бага хурлын гишүүд “Нэлээд өндөр авч буй гишүүдийн нэг” гэж тодорхойлох юм билээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж