Кеннедийг хөнөөсөн Сирхан суллагдахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Кеннедийг хөнөөсөн Сирхан суллагдахыг хүсчээ

АНУ-ын Сенатын гишүүн Роберт Кеннедийн аллагын буруутан Палестин гаралтай Сирхан Сирхан гэгч Кеннедийг өөрөө алаагүй, оюун санааг нь хэн нэгэн удирдаж, аллагыг үйлдүүлсэн хэмээн мэдэгдэж, шоронгоос суллагдах хүсэлт гаргажээ. 1968 онд буудуулж нас барсан Роберт Кеннеди АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч агсан Жонн Кеннедийн дүү байсан юм. Сирханы өмгөөлөгчид Роберт Кеннедийг хөнөөхөд хоёр буутай хүн байсан бөгөөд Сенатын гишүүнийг буудсан сум Сирханых биш гэж үзэж байгаа юм. Өмгөөлөгчид 1969 оны шүүх аллагын нотлох баримтыг үл ойшоосон гэж буруутгаж байгаа ажээ. Мөн Сирханы өмгөөлөгчид Роберт Кеннедийг хөнөөхөд жинхэнэ алуурчин түүний  оюун санааг удирдаж энэ хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа юм. 43 жил шоронд хоригдож буй Сирханы өмгөөлөгчид “Гипнозын аргаар энэ аллагыг үйлдсэн гэдэгт энгийн хүн итгэхэд бэрх боловч хүн төрөлхтөний эсрэг явуулж буй аллага хядлагад оюун санааг нь удирдах аргыг хэрэглээд эхэлчихсэн” гэж мэдэгдсэн байна. Сирханы өмгөөлөгч Уильям Пеппер, Лори Дусек нар 1969 оны шүүх хурал Кеннедийн хүзүүг оносон сум биш, хэргийн газраас олдсон сумаар Сирханыг буруутгасан гэжээ. Тэд Сирханы хэргийг дахин сөхөж, шинэ шүүх хурал явуулахыг шаардаж байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж