С.Удвал ахайтныг дурслаа

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

С.Удвал ахайтныг дурслаа

Төрийн шагналт зохиолч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвалын 90 насны ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Монголын зохиолчдын эвлэл, БСШУЯ хамтран өчигдөр Үндэсний музейд “Сономын Удвал” үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд Удвал ахайтны “Их хувь заяа”, “Та бид уулзана”, “Буянтнаа тонилгосон нь”, “Одгэрэл” зэрэг орос, монгол хэлээр хэвлэсэн зохиол бүтээл, тэдгээр бүтээлийг туурвихад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бичгийн ширээ, бийр янтайг дэлгэжээ. Мөн ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны 1970-аад оны үед урлаж С.Удвалд бэлэглэсэн үйтэн хуар дээл, Зохиолчдын хорооны даргаар ажиллаж байхдаа дайллага, хүлээнд авалтад хэрэглэдэг байсан мөнгөн цар, завьяа, шилэн хундага тэргүүтнийг авчирсан байв. Түүнчлэн түүхэн гэрэл зургийн цомгийг дэлгэсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байлаа. Тэрээр 1978 онд “Их хувь заяа” романаараа Төрийн шагнал хүртсэн юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд Ардын уран зохиолч Б.Бааст, Т.Галсан, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Монголын Үндэсний номын сангийн захирал Х.Чилаажав нарын утга зохиолын төлөөлөгчид ирсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж