“Болор цом”-оос морь илүү сонин биз дээ

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

“Болор цом”-оос морь илүү сонин биз дээ

Урлаг, утга зохиолын талаар дагнан бичих нэгэн гэгээлэг сонин тун удахгүй уншигч олонд хүрэх гэж байна. Тус сонины ерөнхий эрхлэгч П.Нямлхагватай уулзаж, сонины нийтлэлийн бодлого болоод өнөөдрийн урлагийн салбарын тухай ярилцлаа.

-“Зохист аялгуу” сониныг сэргээн гаргах гэж байгаа гэж сонслоо.

-Ерээд оноос ардчилал бий болж эхэлсэнтэй холбогдоод зохиолч, сэтгүүлчид бүтээн туурвих эрх чөлөөтэй болох тусам урлагийг болоод утга зохиолыг үнэлэх үнэлэмж буурч эхэлсэн л дээ. Тухайн урлагийг олон түмэнд таниулж, сурталчилж, нүүр царайг нь илтгэж байдаг сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хумигдаж эхэлсэн. “Тоншуул”, “Утга зохиол урлаг”, “Цог” гээд олон сонин сэтгүүл байсан. Тэдгээрийн оронд шар мэдээллийг түгээдэг хэвлэлүүд илүү хүчтэй болсон. Гэтэл хүмүүсийг гэгээрүүлэх, романтик, өөдрөг болгох, хол ойрыг бодуулах урлаг, утга зохиолыг сурталчилсан хэвлэлийн орон зай өнөөдөр гарцаагүй бий болж байна.

-Үгүйлэгдэж байна гэж үү?

-Тийм. Яг энэ орон зайг нөхөхөөр “Зохист аялгуу” гээд урьд өмнө гарч байсан сониныг дахин сэргээх гэж байна даа. 14 хоногт нэг дугаараар эхний ээлжинд гаргана. Урлагийн бүхий л салбараар бичнэ. Зөвхөн утга зохиол биш. Эхний дугаараа ямар ч байсан арванхоёрдугаар сарын нэгэн гэхэд гаргана аа.

-Редакцийн бүрэлдэхүүн гэвэл?

-СГЗ Саруулбуян, яруу найрагч Дан.Нямаа, утга зохиол судлаач, доктор, профессор Байгальсайхан, утга зохиол судлаач Цэвээндорж, шог зохиолч Жаргалсайхан зэрэг хүмүүс бий. Бас мэргэжлийн гурван сэтгүүлч ажиллана.

-Танай сонины уншигчид ер нь хэн байх вэ? Хэнд зориулж бичих вэ, та бүхэн?

-Монголчууд ер нь л уншина гэж бодож байгаа. Яагаад гэвэл сонгууль дөхсөн болоод ч тэр юм уу энэ нэг улстөржсөн мэдээлэлд бялуурсан өнөөдрийн байдлыг харахад унших юмгүй болж. Өөр юм унших, өөдрөг мэдээллийг авах орон зай үнэхээр үгүйлэгдэж байгаа. Алжаал тайлаад, ажлаасаа гэртээ ирээд сонирхоод уншчих гэгээтэй мэдээллүүдийг хүмүүс хүсэж байна. Ядаад л шинэ киноны зар, өнөөдөр гараад байгаа энэ олон кино яг кино урлагийнхаа түвшинд хүрч байна уу, үгүй юу гэдгийг дүгнэж цэгнэсэн, жишээлбэл монгол поп гээд байгаа энэ зүйл үнэхээр бие даасан урсгал мөн юм уу, биш юм уу гэх зэргээр мэргэжлийн улсуудын үгийг хүргэх хэрэгтэй байгаа юм. Тодорхой хэмжээнд дуугарах хэрэгтэй байна. Энэ нь мөн, энэ нь биш, энэ нь болж байна, энэ нь болохгүй байна гэдгийг хэлж өгдөг баймаар байна. Тэгэхгүй бол хэн дуртай нь юу дуртайгаа хийдэг болж, өнөөдөр. Кино ч тэр, дуу ч тэр, яруу найраг ч тэр. Харанхуй дэвсгэр дээр ганц цагаан зураас зурчихаад модернизм ч гэж байх шиг. Ийм цаг үед мэргэжлийн урлаг судлаачдын дуу хоолой яах аргагүй дутагдаж байна. Тэдний дуу хоолойг нь ард түмэнд хүргэх мэдээллийн хэрэгсэл хэрэгтэй байна. Хамгийн энгийн жишээ гэхэд монгол хэлний үгийн сан маш хомс болж эхэллээ. Сэтгүүлчид өөрсдөө монгол хэлний найруула зүйн алдаатай, 400-500 үг дотор эргэлдсэн нийтлэлүүдийг бичиж байна. Энэ мэт хүүхэд залууст хүмүүжлийн болоод, ёс суртахууны ач холбогдолтой зүйлсийг бичих л зорилготой доо.

-Урлагийн тухай мэдээж түлхүү дуугарах уу?

-Мэргэжлийн уран бүтээлч гэхээсээ илүү асар олон сонирхогчид бий болж эхэллээ. Байдал ийм байна гэдэг мэдээллийг нь өгөх юм бол ард түмэн энэ бүгдийг ялгаж салгаж ойлгодог болно. Дурын хүн ганц дуу дуулчихаад түүнийгээ зогсоо зайгүй радиогоор нүдсээр байгаад өөрийгөө дуучин гэж хашгираад явж болох уу үгүй юү. Урлагийн үнэ цэнийг гаргаж ирэх ёстой юм. Энэ бүхэнд л өөрийн хувь нэмрээ оруулах, ач холбогдолтой сонин болно гэж би ойлгож байгаа. Тийм болохоор сонирхох уншигч нэлээд гарч ирэх байх. Яваандаа сэтгүүлийн хэлбэрт шилжинэ. Сонин хэлбэрээр гарах нь эхний ээлжинд зардал мөнгөнөөс өгсүүлээд арай хялбар, дөхөм байгаа юм. Ямар ч байсан ард түмнийг уриалах, эхлэлийг тавихад сонин үүргээ гүйцэтгэж чадах байх аа.

-Мэргэжлийн судлаач, шүүмжлэгчдийн дуу хоолой урлагийн салбарт асар ихээр дутагдаж байгаа нь үнэн. Түрүүнд та бас дурдлаа. Тийм хүмүүсийн үгийг нийгэмд хүргэе гэхэд тэр үгийг хэлчих хангалттай хүн манайд байгаа юу? Мэргэжлийн хүн?

-Хангалттай биш ч гэлээ байна. Гол нь тэр хүмүүсийн дуугарч байгааг олон нийтэд хүргэх мэдээллийн хэрэгсэл нь алга байна, өнөөдөр. Хөгжим судлаач хэд хэдэн хүн бий, тэд дуугарах байх. Өнөөдөр кино урлаг тун хөл хөдөлгөөнтэй байна. Энэ талаар мэргэжлийн биш ч гэлээ хүмүүс тодорхой хэмжээгээр үгээ хэлэх байх аа. Тийм хэмжээний мэдлэгтэй залуус олон бий. Тэдний үгийг л хүргээд байх юм бол ямар нэг байдлаар зөв гольдрол үүснэ шүү дээ. Энэ жүжгийг тэнд тэгээд бичсэн байсан, бас нэг хүн тэгсэн байсан. Очоод үзсэн чинь нээрээ тэрнийх нь хэлсэн зөв юм байна гэдэг ч юм уу, тийм зөв хандлага бий болно. Үзэж байгаа нь ч, үзүүлж байгаа нь ч юм бодно.

-Урлагийн салбарт мэргэжлийн дуу хоолойг гаргах гэж зорьж байгаа хүний хувьд өнөөгийн манай урлагийн салбарын тухай юу хэлмээр байна? Бид ер нь ямар замаар замнаж явна? Тухайлбал аль салбар илүү эрчтэй хөгжиж, зөв замаараа явж, аль нь таны хэлээд байгаа тэр мэргэжлийн судлаачийн үг хамгийн ихээр дутагдаж байх шиг байна? Өөрийн бодлоо хэлээч.

-Зах зээлийн нийгэм гэдэг чинь хүнийг материаллаг болгодог, өөрийн эрхгүй хүн тийм болдог зүйл юм байна. Тэгээд өөрийн эрхгүй тэр балчиг шавраасаа гарах гэж, соёл, гоо зүйн таашаал руу тэмүүлэх гэж адгаж эхэлдэг юм байна. Зургаа, долоон жилийн өмнөхийг бодвол 20 мянган төгрөгөөр тасалбар аваад юм үзэхдээ харамсаад байхааргүй болчихсон байна шүү дээ, өнөөдөр. Урлаг салбар бүрт л хөгжиж байна. Олон улсын наадамд байр эзэлсэн Өлзийбаярын морин хуурын концертыг мэргэжлийн судлаач ийм ийм ач холбогдолтой, мэргэжлийн өндөр хэмжээний бүтээл болжээ гэхэд ард түмэн төдийлөн ойлгож мэдрэхгүй шүү дээ. Гэтэл тэр дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн байж байдаг. Хөгжмийн урлагийг нийтийн дуу төдийхнөөр ойлгодог дийлэнх хэсэг бий. Гэхдээ хөгжмийн урлаг хөгжиж байгаа. Өөрийн шүлгүүдээ англи, испани хэлээр хэвлүүлээд “Дэлхийн утга зохиолын төлөө” гэдэг медалийг аваад ирсэн Бавуудорж байна. Улс улсын яруу найрагчид цуглараад түүний шүлгүүдийг Дэлхийн яруу найргийн хурал дээр хэлэлцээд нүүдэлчний соёл, яруу найраг гэдэг ийм агуу гайхамшигтай зүйл байдаг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд тэр шагналыг өгчихсөн байхад утга зохиол хөгжихгүй байна гэж хэлэх бас учир дутагдалтай. Энэ бүхнийг, ингэж үнэлүүлээд ирлээ шүү гэдгийг ард түмэнд хэлж байгаа мэдээллийн хэрэгсэл байхгүй болохоор ард түмэнд урлаг хөгжихгүй байгаа юм шиг, зогсонги байгаа юм шиг санагдаж байгаа л даа. Гэтэл сумог өдөр болгон зурагтаар харуулж байна, зохиолын дуу цаг мөч тутамд радио теллевизээр хангинаж байна. Бөхийн өргөөнд нэг өнжөөд л нэг залуу уран бүтээлчийн тоглолт болж байна. Тийм болохоор ард түмэн тэднийг мэдээд байна.

-Тэгвэл Бавуудорж ийм шагнал аваад ирлээ гэдгийг хэн дуугарах ёстой юм?

-Уг нь сонин хэвлэлүүд бүгд л дуугарч байх ёстой шүү дээ.

-Сонин хэвлэлд хэн хэлж дуугаргаж байх ёстой юм?

-Судлаачид хэлдэг шүү дээ. Тэрийг нь нийтлэхгүй байна. Ний нуугүй хэлэхэд өдөр тутмын сонингууд судлаачийн нэг бүтээлийг тавихаасаа “Оюу толгой”-н нэг тендерийн тухай юм тавих нь илүү ашигтай байдаг байхгүй юү. Тийм болохоор шүүмж нийтлэгдэхгүй байна. Тэд зайлуул, бичээд л, хавтаслаад л, хадгалаад л байдаг. Батхуягийн бичсэн шүүмжүүдийг хэн сониндоо тавьж байгаа юм, жишээлбэл? Таньдаг, мэддэг хүнээ гуйгаад л царай алдаад л, тэр нь тэгээд байж байж нэг юм айлын сүрэг ямаанд шоолуулсан хүний ганц тавиул ямаа шиг хүнд харагдахтай үгүйтэй нэг буланд гардаг шүү дээ.

-Тэгвэл Монголын зохиолчдын эвлэлийн хорооны үүрэг юу юм? Тэд салбартаа гарч буй иймэрхүү амжилт, дэвшлийг нийтэд мэдээлэхэд анхаарах ёстой биз дээ?

-Зохиолчдын хороо “Утга зохиол, урлаг” гэдэг сонинтой. Тэрүүн дээрээ тавих ёстой, тавихгүй л юм. Гарахгүй л байна. Нүүр болгон дээрээ нэг соёлын гавьяатыг гаргадаг л юм. Баяржаргал яахав чадлынхаа хэрээр тавьдаг юм аа. Гэвч тэр сонин дээр гарсан зүйлийг хүмүүст сурталчлах хүргэх тал дээр жаахан дутагдалтай байна л даа. Яг үнэндээ хүмүүс өнөөдөр “Болор цом”-оо ч үзэхээ байж байна.

-Үзэхээ больж байгаагийн шалтгаан нь юу юм бол?

-Нэгдүгээрт, сүүлийн үед “Болор цом”-д муу шүлгүүд гарч ирж байна. Хоёрдугаарт, тухайн хэсэгхэн цаг үед наадмыг шүүж байсан хэдхэн хүний үзэл бодлоос болоод түрүүлэх байх гэж бодож байсан хүн түрүүлэхгүй байх тохиолдол бий. Гэхдээ хамгийн гол нь энэ наадамд уншиж байгаа тэр гайхалтай бүтээлүүдийг үнэлдэг үнэлэмж гэж байхгүй болчихсон байна. Тэгэхээр хүн үзэхгүй байна. Түрүүлээд ирэхээр нь том жийп машин өгч байгаа морийг харах илүү сонин байна шүү дээ. Тархиа гашилгаж байж бичсэн шүлгийнхээ төлөө ганц стакан аваад гарч байгаа “Болор цом”-ыг үзэх сонин биш. Хүн чинь сониуч амьтан. Хүний оюуныг үнэлэхгүй байгаа болохоор энэ наадмыг хүн үзэхгүй байна. Нэр хүнд нь унаад байна. Сүүлийн үед хүнээс илүү морины нэр хүнд өсөөд байгаагийн шалтгаан энэ. Адгуус түрүүлээд ирэхээр “Ланд” өгч байна, баахаар нь баасыг нь тал тал тийш нь булаацалдаад аваад явчихаж байна. Би сая Дундговьд харлаа. Явж явж “Болор цом”-д хүн л түрүүлдэг. Адгуус биш. Хүн шүү дээ. Яахав, дуулиан байхгүй юманд хүн дургүй л дээ. Баригдаж байгаа барилгыг хүн үзэх гэж овоордоггүй хэрнээ шатаж байгаа байшинг үзэх гэж шавдаг л байхгүй юү. Түүний л адил. Түүнээс муу шүлэг уншаад байхаар хүн үзэхээ болиод байгаа юм биш.

Б.ЦАЦРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж