Далайн байгууллагынхан чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Далайн байгууллагынхан чуулж байна

Далайн тээврийн аюулгүй байдлыг хангах болон далайг бохирдлоос сэргийлэх үүрэг бүхий НҮБ-ын тусгайлсан байгууллага болох Олон Улсын Далайн байгууллагын 27 дугаар Ассемблей Лондон хотноо чуулж байна. Арваннэгдүгээр сарын 21-нд эхэлсэн чуулган 30-нд буюу маргааш өндөрлөх юм. Тус байгууллага 2011 оныг далайн дээрэмтэй тэмцэх жил болгон зарласан бөгөөд энэ удаагийн Ассемблей нь нийт 40 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Мөн энэхүү байгууллагыг сүүлийн 8 жил удирдсан Грекийн Ефтимиос Митропоулосын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар Японы Кожи Секимизуг сонгосон Удирдах зөвлөлийн шийдвэрийг батламжлах юм. Мөн тус байгууллагын гишүүд болох 170 орчим улсын төлөөлөл Удирдах Зөвлөлийн гишүүн 40 улсыг сонгуулийн үр дүнгээр шинэчлэн батлах болно.  Тус Ассемблейд Монгол Улсыг төлөөлж ЗТБХБЯ-ны газрын дарга Ё.Манлайбаяр, Монгол Улсын Далайн захиргааны орлогч дарга Ж.Жамбажамц болон Их Британи дах Элчин сайдын яамны Зөвлөх Д.Ангар нар оролцож байна. Дашрамд дурдахад Монгол Улсын далбаа бүхий 300 орчим хөлөг онгоц далайд үйл ажиллагаа эрхэлж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж