“Хэвлэлийг хаана гэдэг аймшигтай парламент”

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

“Хэвлэлийг хаана гэдэг аймшигтай парламент”

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Энэ үеэр сонгуулийн сурталчилгааны явцад худал мэдээлэл цацсан хэвлэл, мэдээллийн байгууллагыг торгох асуудал хөндөгдлөө. Өмнөх хуралдаанаар тийм зөрчил гаргасан хэвлэл, мэдээллийн байгууллагыг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгохоор ярилцсан юм. Харин энэ удаа түүнийг зөөлрүүлж хэвлэлээр гүтгэлэг тараасан улстөрчид хариуцлагаа өөрсдөө үүрэхээр болж, хэвлэл, мэдээллийн байгууллага өөрийн бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлэгт хариуцлага хүлээхээр төсөлд тусгахаар гишүүд ярилцав.  Нам, эвсэл, нэр дэвшигчид хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргасан материалын үнэн зөвийг өөрөө хариуцна. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл өөрийн бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөвийг мөн өөрөө хариуцна гэж С.Ламбаа гишүүний гаргасан саналаар томъёолохоор хэлэлцсэн юм. Үүнийг гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл дотоод цензур, дотоод ухамсраараа нийтлэл, нэвтрүүлгийн үнэн зөвийг ялгаж чадна гэж үзэж дотоод ухамсарт нь найдлаа гэж байв.

Гэхдээ хэлэлцүүлгийн явцад гишүүдийн дунд мэтгэлцээн гарсан юм.

Гишүүн Э.Мөнх-Очир “Хүн гүтгэчихээд долоохон сая төгрөгөөр торгуулна гэж юу байсан юм. Гүтгэлгийн 20 саяын гэрээ хийчихээд түүний долоон саяар торгуулаад өнгөрнө гэж юу хэлээд байна. Хүний амьдралаар, үр удмаар тоглож гүтгэчихээд ингэж таарахгүй. Тэр гүтгэсэн газрыг бүр байхгүй болтол торгох хэрэгтэй. Тэгж байж эрүүл мэдээ гардаг болно. Би 1990 оноос хойш гүтгүүллээ” хэмээн нэлээд бухимдалтай ярив. Гишүүн Ж.Сүхбаатар “Хүнийг гүтгэвэл хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн заалт бий. Иргэний хуульд ч нэр төр, алдар хүндийг гутаавал гэсэн заалт байгаа. Эдгээрээр зохицуулж болох асуудал” гэсэн бол гишүүн Г.Баярсайхан “Хэвлэлийн эрх чөлөөний амин сүнс бол хариуцлага. Худал мэдээлэл цацсан сониныг хаадаг жишиг бусад оронд байна. Эрүүгийн хариуцлагын хэмжээнд ярихгүй бол хэвлэлийн эрх чөлөө хангагдахгүй” гэсэн нь сэтгүүлчдийн төлөөлөл болж УИХ-д сууж байгаа З.Алтай гишүүний эгдүүг хүргэлээ.

Гишүүн З.Алтай “Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл торгуулиас айхгүй байна. Гэхдээ бузар булайг улстөрчид та нар хийдэг. Та нар өрсөлдөгчөө няц дарах гэж бузар булайг 20 жил хийсэн. Би түүнийг авдаг байсан юм чинь. Худал мэдээлэл гэдгээр хариуцлага тооцвол өөрсдөө ихэнх чинь шоронд явна шүү. Ардчилал хөгжөөд 20 жил болж байхад хэвлэлийг хаана гэж ярьдаг залуу гишүүн байгаа нь аймшигтай парламент. Гүтгэсэн хүнтэйгээ хариуцлага тооц. Та нарын заваан юмыг л хэвлэл гаргадаг” хэмээн бухимдсан нь бусад гишүүдийн хор шарыг малтсан хэрэг болов. “З.Алтай чи өөрөө хэн бэ. УИХ-ын гишүүн чинь улстөрч байдаг юм” гэсэн хэсэг байхад Э.Мөнх-Очир гишүүн “З.Алтай та бодож яриарай. Та нарын заваан юмыг гаргадаг гэлээ. Өнөөдөр хэвлэл, мэдээллийн байгууллага ийм болчихоод байна. Нийгэмд байгаа муу үр дагаврыг арилгахын төлөө явна” гэхчлэн үг чулуудав. Энэ зуур гишүүн Ч.Сайханбилэг “Буруу мэдээлэл тараасан газар торгуулийн хариуцлага хүлээдэг байх ёстой. Тухайлбал, гадаадад нэг Макдональдсаар үйлчлүүлж байсан хүүхэн халуун кофенд түлэгдсэн. Хүүхэн заргалдаж байгаад Макдональдсийн нэг зуны кофений орлогыг торгууль болгон авч байсан” гэхэд Г.Баярсайхан гишүүн “Наадах чинь буруу жишээ байна. Сонин ярьж байхад чи мантуу ярилаа” хэмээн хоорондоо үг хаялцаад авав. Ингээд уг асуудлыг дараа үргэлжлүүлэн ярихаар боллоо. Сонгуулийн хуулийн ажлын хэсэг бусад заалтууд дээр ч ажиллахаар болов.

Үүний дараа гишүүн Х.Баттулга санаачилж ажлын хэсгийн хуралдаанд оруулсан Мансууруулах бодистой холбогдсон, мөн архи , тамхины үйлдвэрийг үүсгэн байгуулсан, тэдгээр үйлдвэртэй холбоотой хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн заалтыг “Анхны хэлэлцүүлэгт оруулаагүй. Саяхан ажлын хэсэг дээр гарч ирсэн асуудал” гэсэн шалтгаанаар хэлэлцэх боломжгүй гэв.

Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Гишүүн С.Бямбацогт нарын санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр ажлын хэсэг гаргаж гишүүн Д.Лүндээжанцанаар ахлуулан гишүүдэд Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Дондог нарыг оруулахаар болсноор хуралдаан өндөрлөлөө.

Л.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж