Сталин охиноо “бяцхан болжмор” хэмээн өхөөрдөн хайрладаг байсан ч Светлана өсч том болох тусмаа эцгээсээ хөндийрсөн гэдэг. Светлана хаана ч явсан эцэг Сталины сүүдрээс зугтаж чаддаггүй байсан хэмээн ярьдаг байжээ. Тэрээр 16 настайдаа еврей кино найруулагч Алексей Каплерт дурласан ч хосуудын дурлалыг Сталин таашаагаагүй юм. Түүгээр зогсохгүй дурлалт залууг нь арван жилийн цөллөгт илгээхэд Светлана эцгийгээ үнэн сэтгэлээсээ үзэн ядаж эхэлсэн гэдэг. Үүнээс жилийн дараа Москвагийн их сургуулийн оюутан Григорий Морозов түүнд гэрлэх санал тавьсан юм. Сталин хүргэнээ ганц удаа хараагүй боловч тэднийг гэрлэхийг зөвшөөрчээ. Тэд нэг хүүтэй болсон ч хоёр жилийн дараа салж, сайн найзууд болж. Сталин үүний дараа охиноо өөрийн баруун гар гэгддэг Андрей Ждановын хүү Юрийтэй гэрлүүлжээ. Тэд нэг охинтой болсон ч гэрлэлт нь мөн л бүтээгүй юм.
1953 онд Сталиныг нас барсны дараа Светлана Москвад лектор, орчуулагчаар ажиллаж байв. Хэдийгээр тэр утга зохиол, яруу найрагт дуртай байсан ч Сталин түүнийг улс төр, түүх судлахыг албаддаг байжээ. Светланад багаас нь Англи, Герман, Франц хэл заасан тул дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг байлаа. 1963 онд тэрээр Энэтхэгийн коммунист Бражеш Сингхтэй танилцаж, улмаар хосууд бие биедээ дурласан ч Кремль тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Сингх өндөр боловсролтой, даруу зантай нэгэн боловч хүнд өвчтэй хүн байсан аж. 1966 онд Сингхийг нас барахад Светлана түүний чандрыг төрсөн нутагт нь аваачихаар Энэтхэг явсан байна. Энэтхэгт байхдаа Светлана АНУ-ын элчин сайдын яамнаас улс төрийн орогнол хүсч, Итали, Швейцариар дамжин АНУ руу дүрвэн гарсан билээ. Ингээд тэр АНУ-д үг хэлэх эрх чөлөө хайн очсон ажээ.
Түүний амьдрал, дурсамжийн анхны ном болох “Twenty Letters to a Friend” 1967 онд хэвлэгдсэн даруйдаа 2.5 сая ам.долларын ашиг авчирч байсан юм. Энэ үед Светлана Уильям Петерс гэгч уран барилгачинтай гэрлэж, АНУ-ын иргэн болсон. Тэд Ольга нэртэй нэг охинтой болсон ч удалгүй салсан билээ. Ингээд Светлана 1980 онд Зөвлөлтөд эргэж очсон ч хамаатнуудтайгаа таарч тохирохгүй байсан тул АНУ руу буцжээ. “The Independent” сонины 1990 оны нэгэн дугаарт Светлана ярилцлага өгч, Ольга охиныхоо хамт түрээсийн байранд тун ядуу тарчиг амьдарч байгаа тухайгаа ярьсан байдаг. “Хүмүүс намайг Сталины охин гэж ярих нь яг л би буу бариад тэдэн рүү буудсан юм шиг сонсогддог байсан” хэмээн Сталины охин Светлана Аллуева хожим дурсан ярьсан байдаг билээ.
Дэлхийн түүхэн хүний охины гунигт амьдрал төгсч, долоо хоногийн өмнө амьсгал хураасан ч хэвлэл, мэдээллийн томоохон агентлагууд энэ тухай мэдээллийг өнөөдрөөс цацаж эхэллээ.