Хятадын зэвэрдэггүй гангийн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 100 мянган тонн болж буурчээ. Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлж буйгаар, өнгөрсөн есдүгээр сард нийт 149 мянган тонн гангийн бүтээгдэхүүн экспортолсон дүн мэдээтэй байна. Тус улсын гол худалдан авагч Тайвань, Өмнөд Солонгосын гангийн эрэлт буурсан учир ийнхүү уг бүтээгдэхүүний экспортын хэмжээ буурчээ. Худалдааны гол түнш дээрх хоёр орон руу гаргадаг гангийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 44-48 хувиар огцом буураад байна.
Ийнхүү Азийн зарим улс оронд үйлдвэрлэл хумигдсаны улмаас эрэлт буурч байхад, Японы автомашины томоохон үйлдвэрлэгч нар нийлүүлэлтийн хомсдолд ороод байна. Японы Ган, төмрийн холбооны мэдээлж байгаагаар, энэ жил тус улсын төмрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 107 сая тонноос доогуур байх ажээ. Өнгөрсөн жилийн байдлаар тус улсын төмрийн үйлдвэрлэл 110.8 сая тонн-д хүрч байжээ. Японы томоохон үйлдвэрүүд байрладаг Тайландад ойрын 20 жилд болоогүй их үер тохиосонтой холбоотой юм. Тайланд улс бол Японы гангийн бүтээгдэхүүн нийлүүлэлтээрээ гуравдугаарт бичигддэг бөгөөд энэ жилийн эхний найман сарын байдлаар тус улсын гангийн нийт импортын 11 хувийг эзэлжээ. Ийнхүү Тоёота, бусад олон автомашин үйлдвэрлэгч болон гангийн томоохон хэрэглэгч нар хангалттай нийлүүлэлтгүйн улмаас үйлдвэрлэлээ хумихаар болоод байна.
Ган бүтээгдэхүүний нийлүүлэлт муудаж байгаагийн зэрэгцээ зах зээл таагүй болж байгаа нь төмрийн хүдрийн үнэ нэг хэсэгтээ доогуур байхад хүргэж байна. Одоо Хятадын зах зээлд нэг тонн төмрийн хүдрийн үнэ агууламжаасаа хамаараад 120-149 ам.доллар байна.
Б.Төгс