-Бага хурлаас гарсан шийдвэрүүдийн талаар тодруулахгүй юу?
-Энэ удаагийн МАН-ын бага хурлын хоёрдугаар хуралдаанаар МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын улстөрийн илтгэл, Хяналтын ерөнхий хорооноос оруулсан МАН-ын гишүүдийн Ёс зүйн дүрэмтэй холбоотой асуудлаар гишүүд маш их санал хэллээ. Хоёр тогтоолын төслийг баталлаа. Нэг нь улс орны нийгэм, эдийн засагт өсөлттэй холбоотойгоор гарсан тогтоол. Эдийн засаг өсөлттэй гарч байгаа энэ үеийг бүтээн байгуулалтад ашиглахын тулд төр захиргааны байгууллагууд, намын байгууллагууд, ард иргэд хэрхэн оролцох талаар нэг ёсны энэхүү тогтоолын хүрээнд тусгаж өглөө. Нөгөөх нь Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор батлагдсан тогтоол юм. Гурав дахь тогтоол нь сахилга хариуцлагыг бэхжүүлэхтэй холбоотой. “Ард түмнээ сонсоё” аяны хүрээнд ард иргэдтэй уулзаад 21 аймаг, 300 гаруй сум, нийслэлийн есөн дүүргийн 150 хороогоор явж байхад иргэдийн хувьд нийгэмд шударга ёс тогтоох хүсэл эрмэлзэл өндөр байна. Тэр дундаа тодорхой албан тушаал хашиж байгаа удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцооч ээ гэдэг зүйлийг их ярьж байгаа. Тийм учраас намын бүлэгт хандаж энэ чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр, намын Удирдах зөвлөлд хандаж МАН-аас сонгогдож томилогдож ажиллаж байгаа улстөрийн албан тушаалтнуудын сонсгол мэдээллийг авч хэлэлцэж, хариуцлагын асуудлыг ярих тухай, Засгийн газарт хандаж төрийн захиргааны байгууллагууд намаас сонгогдож томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох. Цаашдаа иргэдэд үйлчилж байгаа төрийн үйлчилгээг хүндрэлгүй чирэгдэлгүй аль болох шуурхай болгох, үе шат дамжлагыг багасгах, зарцуулж байгаа хугацааг багасгах зэрэг чиглэлээр тогтоол баталлаа, тугсайлан. Энэ тогтоолыг цаашид манай намын бүх шатны байгууллагууд, намаас сонгогдсон албан тушаалтнууд хэрэгжүүлж явах учиртай. Мөн бид бага хурлаараа зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ. 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль ойртож байгаатай холбоотойгоор МАН нарийн бичгийн дарга нарынхаа тоог нэмэгдүүллээ. Нөгөө талдаа манай намын Бага хурлын гишүүд нөхөн гарсан, төрийн албанд томилогдсонтой холбоотойгоор Бага хурлын гишүүдийн нөхөн сонгууль явж байна. Мөн манай намын дүрэмд эмэгтэйчүүдийн квот удирдах албан тушаалд 25 хувь байдаг. Тийм учраас намын дүрэмд заасан эмэгтэйчүүдийн квотыг хангаж ажиллах ёстой. Энэ утгаараа намын Бага хуралд эмэгтэйчүүдийн тоо, намын Удирдах зөвлөлд эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр намын нарийн бичгийн дарга нарын доторх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
-Намын даргын илтгэлээс харахад “Улстөрийн ганцаарчилсан тоглолт хийж байгаа, хувийн эрх ашгийн үүднээс нам дотор хагарал авчирч байгаа, төрийн албыг унагаж буй тодорхой хүмүүст хариуцлага тооцно” гэж хэлсэн. Энэ хүрээнд УИХ -ын нэр бүхий дөрвөн гишүүн мөн нэлээд эртнээс дуулиан тарьсан, дөрвөн аймгийн Засаг даргад хариуцлага тооцох тухай асуудал Бага хурлаар хөндөгдөх нь үү гэж ойлгогдсон?
-Манай намын бага хурал өөрийн гэсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг чиг үүрэгтэй. Энэ хүрээндээ намын бага хурал хуралдлаа. Намын бага хурлын дүрэмд хувь хүнд ямар нэг хариуцлага тооцдог тийм заалт байхгүй. Тэгээд ч ийм асуудлыг Бага хурлаар шийддэггүй. Харин энэ удаагийн Бага хурлаар намын гишүүний Ёс зүйн дүрмийг баталлаа. Ялангуяа удирдах албан тушаалтнуудад хамаарах ёс зүйн хэм хэмжээ гэж юу байх, ёс зүйг сахихад ямар зарчим барих, ёс зүйн хэм хэмжээ зөрчигдсөн үед ямар хариуцлага тооцох вэ гэдгийг энэхүү Ёс зүйн дүрмээр зохицуулна. Намын даргын илтгэлээс улбаалж гарч байгаа нийгэмд сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой тогтоол гарлаа. Өнөөдөр бид эдийн засгийн өсөлт гэж нэрлээд байгаа энэ зүйлийг хөгжил болгох тэр дундаа хүн төвтэй хөгжил болгоход ойрын хугацаанд маш шуурхай, зөв зохион байгуулалттай оновчтой ажиллахын тулд сахилга хариуцлагыг дээшлүүлэх асуудал чухал байгаа. Энэ нь зөвхөн нэг хоёр албан тушаалын тухай биш нийгмээрээ эрх үүргийн ямар зохицуулалттай байх. Тухайлбал, төрийн байгууллагуудын хооронд, институцынх нь хувьд, намын байгууллага улстөрийн байгууллагууд инстиутцынхээ хувьд яаж ажиллах ёстой юм. Иргэд бас өөрсдөө ямар сахилга хариуцлагатай байх ёстой юм. Ялангуяа намаас удирдах албан тушаалд томилогдож байгаа хүмүүстэй холбоотой асуудал их яригддаг. Тийм учраас авлига хээл хахуультай тэмцэх асуудлыг шинэ шатанд гаргах. Намаас сонгогдож томилогдож байгаа албан тушаалтнуудад тодорхой хариуцлага тооцож ажлынх нь үр дүнг дүгнэдэг. Эргээд хариуцлагаа тооцдог, ийм эрх үүргийн зохилдлогоог хангаж ажиллах ёстой гэдэг шийдвэрүүдийг гаргаж байгаа. Тийм учраас Бага хурлаар тодорхой хувь хүний юм уу, тодорхой албан тушаалтны тухай ярьдаггүй гэдгийг дахин хэлье.
-Бага хурлаас 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулна гэсэн мэдээлэл гараад байна. Ирэх сонгуулийн сунгаа эхэлчихсэн гэсэн үг үү?
-УИХ-ын сонгуульд нэр дэвшигч болон УИХ-ын сонгуульд аливаа улстөрийн хүчний дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийг баталдаг хуулийн хугацаатай. Тэр нь хавар байдаг. Тийм учраас энэ удаагийн Бага хурлаар ийм илүү юм ярихгүй шүү дээ. Харин энэ удаагийн бага хурлаар тодорхой чиглэл өгч байгаа. Тэр нь ирэх 20 жилийн хөгжлийн хөтөлбөр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах чиглэлээр тодорхой үүрэг даалгаврыг намын Удирдах зөвлөлд өгсөн.