Жүдочид өргөн бүрэлдэхүүнтэйгээр БНСУ-ыг зорино

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Жүдочид өргөн бүрэлдэхүүнтэйгээр БНСУ-ыг зорино

Олимпийн эрхийн оноо цуглуулах ээлжит тэмцээндээ оролцохоор Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид маргааш хилийн дээс алхах гэж байна. Энэ удаад цагаан өмсгөлтнүүд Өмнөд Солонгосын Чежү аралд болох “Дэлхийн цом”-д оролцож, тэндээсээ шууд Токиогийн “Их дуулга”, улмаар Хятадын Чиндао хотноо болох Гран-при тэмцээнд зодоглох юм. Чежүгийн “Дэлхийн цом”-ын тэмцээн ирэх сарын 2, 3-нд болно. Нэг улсаас нэг жинд дөрвөн тамирчнаа сойх боломжтой учир Монголын баг тамирчид эрэгтэй 27, эмэгтэй 22 тамирчны бүрэлдэхүүнтэй БНСУ-ыг зорих ажээ. Баг тамирчдыг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, “Женко” клубын дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нар ахлах бөгөөд багийн бүрэлдэхүүнд гол төлөв залуу тамирчид багтсан байгаа юм. “Дэлхийн цом”-ын дараа Токиог зорьж, тэндхийн бөхчүүдтэй долоо хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийгээд арванхоёрдугаар сарын 9, 10-нд болох “Их дуулга”-д оролцоно. Гэхдээ чансаа өндөр “Их дуулга”-ын тэмцээнд нэг жинд хоёр тамирчнаа оролцуулах бөгөөд БНСУ-ыг зорьсон тамирчдаас зарим нь шууд Токиог зорих бол шигшээ багийн үлдсэн тамирчид Улаанбаатараас Токиод очих юм байна. Улмаар “Их дуулга”-д оролцсон бүрэлдэхүүнээрээ Чиндаогийн Гран-при тэмцээнд оролцох гэнэ. Тус тэмцээнээр Монголын төдийгүй дэлхийн жүдочдын 2011 оны өрсөлдөөн өндөрлөж байгаа юм. Харин он гараад нэгдүгээр сарын 14, 15-нд Казахстаны Алматы хотноо жин жингийн шилдэг 16 бөхийн халз тулаан гэгдэх “World Masters” болно.

Сануулахад, “Дэлхийн цом”-ын тэмцээнд түрүүлбэл 100 оноо, мөнгө, хүрэл медалийг 60 ба 40 оноо дагалдана. Харин “Их дуулга”-аас 300-180-120 оноо, Гран-при тэмцээнээс 200-120-80 оноо олгох ажээ.

БНСУ-ыг зорих баг тамирчдын бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй:

60 кг: Ч.Болдбаатар, С.Батгал, Д.Амартүвшин, О.Чинбат
66 кг: Б.Хишигбаяр, А.Батсуурь, Б.Батгэрэл, Д.Алтансүх
73 кг: Х.Цагаанбаатар, Н.Хадбаатар, Т.Батзориг, Г.Одбаяр
81 кг: О.Ууганбаатар, Г.Түвшинжаргал, Р.Анхбаатар, Х.Цогтгэрэл
90 кг: Э.Энхбат, Б.Жанчивдорж, Б.Амбасэлмаа
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Өнөржаргал, Б.Бат-Орших, Д.Пүрэвдорж
+100 кг: Н.Батсуурь, А.Давааням, Б.Сугаржаргал, Б.Төгөлдөр

Эмэгтэй:

48 кг: М.Долгоржав, Г.Отгонцэцэг, Г.Саранзаяа, Ц.Хандсүрэн
52 кг: А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ
57 кг: Т.Баттөгс, Д.Сумъяа, Ч.Аззаяа, А.Батзул
63 кг: С.Энхзаяа, М.Нямжаргал, Б.Сайнбуян
70 кг: О.Мөнхцэцэг, Э.Аззаяа, Ц.Наранжаргал, Э.Хандармаа
-78 кг: Т.Баасанжав, Б.Уянга
+78 кг: Д.Цэрэнханд, Б.Мөнхтуяа, Б.Золжаргал

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж