“Мейвейзер vs Пэкьяо”

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

“Мейвейзер vs Пэкьяо”

Тулааны спорт сонирхогчдын хорхойг хүргэж, хүлээлт үүсгээд буй “Мейвейзер vs Пэкьяо” гэсэн тулаан ирэх оны тавдугаар сард болж магадгүй тухай Флойд Мейвейзер ам алджээ. “Твиттер” хуудсандаа байрлуулсан видео мессежиндээ тэрбээр энэ тухай дурдсан байна. Мейвейзер таван өөр жинд дэлхийн аварга цол хүртэж байсан, өдгөө WBO  холбооны хоёрдугаар хагас жингийн дэлхийн аваргын бүсний эзэн бол Мэнни Пэкьяо найман өөр жингийн дэлхийн аварга, саяхан Хуан Мануэль Маркезийг ялаад байгаа билээ. Гэхдээ шүүгчдийн саналаар шийдэгдсэн тэрхүү тоглолт багагүй маргаан дагуулсан юм.

Мейвейзер, Пэкьяо нарын тухайд 2010 оны гуравдугаар сард тулалдахаар урьдчилсан байдлаар тохироод байсан. Гэхдээ тулааны өмнөх цусны шинжилгээний асуудлаар маргаан үүссэн тул тулааны товыг хойшлуулсан билээ. Харин одоо Мейвейзер ширүүхэн өрсөлдөгчөө тулаанд уриалан дуудаж, товыг тодорхой болгохоор гарын үсэг зурахыг хүсчээ. Тэрбээр “Миний хувьд тавдугаар сар 5 хамгийн тохиромжтой үе. Пэкьяогийн сэтгэлд ялагдлын гашуун дурсамж бий. Тэр өнгөрсөн долоо хоногт ялагдсан шүү дээ. Пэкьяо Маркезт гурван удаа ялагдлаа. Миний хувьд тавдугаар сарын 5-ныг сонгож байна. Гэрээнд гарын үсгээ зур, би үүнийг л хүлээж байна” хэмээжээ.

Тэд хоёул гайхалтай амжилттай тамирчид. Мейвейзер мэргэжлийн боксын рингэнд 42 тулаан хийхдээ бүгдэд нь ялсан бол Пэкьяо 59 тулаанаас 54-т нь ялалт байгуулсан амжилттай.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж