“Цахим дүүрэг” хөтөлбөр амжилттай хэрэгжив

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

“Цахим дүүрэг” хөтөлбөр амжилттай хэрэгжив

Хан-Уул дүүрэг нийслэлийн дүүргүүдээс анх удаа  “Цахим дүүрэг”  хөтөлбөр хэрэгжүүлэн www.khanuul.mn цахим сайттай болж, тус  сайтаар дамжуулан  иргэдэд төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг цахим байдлаар өгч, өргөдөл, гомдол, саналыг онлайнаар хүлээн авч, хянах боломжтой болсон билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын эхний үе шатны хэрэгжилтийг  УИХ-ын гишүүд,  нийслэл, дүүргүүдийн удирдлагууд болон холбогдох албан тушаалтан, олон нийтэд өчигдөр  тайлагналаа.

Тус дүүрэг “Цахим дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлж www.khanuul.mn цахим сайтаар иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг авахаас гадна Засаг даргын Тамгын газарт дотоод удирдлагын систем буюу “Е-Office” системийг нэвтрүүлээд байна. Энэхүү програмаар албан бичгийн төсөл, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, үүрэг даалгавар, хөтөлбөр, зорилтын хэрэгжилтийг нэгтгэх, тайлагнах гэх зэрэг төрийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, цаасны хэрэглээг багасгасан давуу талтай  систем болжээ. Засаг даргын Тамгын газарт иргэдийн өргөдөл гомдлыг онлайнаар хүлээн авах програм нэвтрүүлж, уг програмаа вэб сайт, “Е-Office” системтэй хослон ажилладаг нэг цогц систем болгож  ажил хэрэг болгож чадсан байна.

Эдүгээ Засаг даргын Тамгын газрын дотоод сүлжээг бүрэн шинэчилж, өндөр хурдны интернэтэд холбоод байгаа аж. Мөн дүүргийн нийт хороодын “Нэг цэгийн үйлчилгээний байр”-ны хороо, өрхийн эмнэлэг, хэсгийн цагдааг холбосон дотоод сүлжээг байгуулж, утасгүй интернэтэд холболоо. Ингэснээр “E-Office”, “E-Khoroo” програм хэрэгжих боломжтой болжээ. Түүнчлэн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дотоод сүлжээг шинээр байгуулж, өндөр хурдны интернэтэд холбоод байгаа юм байна.  Эдүгээ дүүргийн төр захиргааны байгууллагуудыг хооронд нь өндөр хурдны шилэн кабелиар холбох “Төрийн байгууллагын нэгдсэн сүлжээ”-г байгуулах ажил хийгдэж эхэлжээ. Үүний үр дүнд Засаг даргын Тамгын газрыг Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба, хороо, сургууль, цэцэрлэгтэй холбож, интернэтийн нэг төвлөрсөн гарцтай болох юм. Мөн байгууллага хоорондын сүлжээг бий болгох ажил эхэлсэн байна. Уг сүлжээг ашиглан дүүргийн төрийн байгууллагууд болон сургууль, цэцэрлэгүүд өндөр хурдны интернэттэй болохоос гадна хяналтын камерийн систем, байгууллага хоорондын телефон дотуур холбоо гэх мэт  орчин үеийн мэдээллийн технологийн давуу талуудыг ашиглах боломж бүрдэх аж.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж