Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

“Солонго”-ын ертөнц

Ийн хэлэх учир нь солонгийн өнгө шиг  долоон бүсгүй жазз хөгжмийн яруу тансагийг C1 телевизийн хоёрдугаар студи, бидний мэдэхээр “Их завсарлага” нэвтрүүлэгт оролцохдоо мэдрүүлсэн юм. Тэд энэ өдөр арав гаруй дуу дуулав. Хамтлагийн ахлагч, басс гитарчин Э.Хулан, соль гитарчин А.Нансалмаа, бөмбөрчин Ц.Халиун, дуучин, туслах бөмбөрчин М.Оюунсүрэн, даралтат хөгжимчин Н.Номинзул, саксфончин Ж.Шижирээ, альт саксчин Ц.Одонцацрал нарын бүрэлдэхүүнтэй “Солонго” хамтлаг одоогоос жил хагасын өмнө байгуулагджээ.

Авьяаслаг охидын хамтлагийн анхны тайз нь “Их завсарлага”-ынх байлаа. Хамтлагийнхан ирэх оны эхээр уран бүтээлээ даацтай болгохоор зорьж, уран бүтээлийн төлөвлөгөөгөө ч цааснаа буулгаж эхэлсэн гэх. Хамгийн сонирхолтой нь “Харанга” хамтлагийн бөмбөрчин, Монголын бөмбөрийн холбооны ерөнхийлөгч Н.Пүрэвдаш энэ хамтлагийг нэгтгэж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Д.Лувсаншарав “Солонго” хэмээх нэр хайрлажээ.

Тэдний буржгар, шулуун, урт, богино янз бүрийн үс, трапецан өмд өөрийн эрхгүй  80-аад оны сэтгэл татам стилийг санагдуулна. Аргагүй, тэд “Солонго” юм чинь. “Их завсарлага”-ын тайзнаа “болзсон” тоглолт “Love” аязаар эхлэхэд холхисон хүмүүс байр байраа эзлэлээ. Өөр мэдрэмж, өөр аялгуу, өөр хэв маяг…

Үргэлжлүүлэн “Харанга” хамтлагийн “Хайр сэтгэл минь дуу болон үлджээ”, “Дөрвөн улирал” дуу эгшиглэв. Гайхалтай… Тэд бүр Майкл Жейксоны “Billy Jean” дууг өөрсдийн стильдээ оруулан дуулсан нь үзэгчдийг сэтгэл дүүрэн болгож чадсан юм.  “Нутгийн айзам”, “Улаанбаатарын үдэш”, тэгээд “Харанга”-ын дуугаар тоглолт үргэлжиллээ. Тийм хүчирхэг дуунуудыг ийм турьхан охид ямар сайн өөриймсүүлээ вэ. Нарийн, торгомсог мөртлөө хүч заасан дуугаралт…

Хөгжмийн зохицол нь их таалагдсан. Саксфон, басс, соль гитар, бөмбөрийн хэмнэл, нүргээн, даралтат болон туслах хөгжмүүд нийлж, чухамдаа л тэнд модны навчис лугаа нэгэн зүгт “хийсч” байлаа. Амжилт хүсье, охид оо. “Солонго”-ын ертөнц чинь таалагдсан.

У.БОЛОРМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж