МАН сонгуулийн бэлэн байдалд оров

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

МАН сонгуулийн бэлэн байдалд оров

Экс МАХН түүх болж, МАН шинээр мэндэлсний нэг нас хэд хоногийн ой дээр МАН II бага хурлаа эхлүүллээ. Уг нь энэ бага хурлыг бүр гуравдугаар сард хийхээр төлөвлөөд байсан ч цагийн байдлыг харзнаж намжихыг хүлээсээр ийнхүү анх ярилцаж байснаасаа найман сарын дараа хуралдаж буй нь энэ. Туурганаасаа галд жаахан сэвтсэн Тусгаар тогтнолын шинэхэн ордондоо МАН-ын бага хурлын 230 орчим гишүүн цугларч, ирэх 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг шинжиж байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өөрийг нь дээхнэ УИХ-ын гишүүнээр сонгож байсан тойрог болох Хэнтий аймгийн МАН-ын дарга Ж.Эрдэнэбаатарын хамт хурлыг удирдсан нь хан хэнтийчүүд халуун үед бие биедээ өмөг түшиг болохыг бодолцсон хэрэг биз.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал ба МАН-ын зорилтууд” нэртэй илтгэл тавьж, УИХ-ын 2012 оны сонгуулийг ямар ч хуулиар явуулсан МАН ялна гэдэгт хатуу итгэлтэй байх ёстой гэсэн даалгаврыг бага хурлын гишүүддээ өгч, өнөөдрөөс сонгуулийн бэлэн байдалд орж, “дайны цагийн зарчмаар” ажиллах фронт командлагчийн тушаалыг буулгалаа. Долоон сарын дараа болох УИХ-ын сонгуульд бэлтгэж, ялах нөхцөлийг хангахад онцгой анхаарах ёстой гэсэн болзлыг МАН-ын дарга бага хурлын гишүүдээрээ дайлган, жирийн гишүүн бүртээ тулгав. “Бүхнийг ялалтын төлөө” гэдгээр “Бүх ажлаа сонгуультай уялдуулах цаг” болсныг МАН-ын дарга хатуу сануулснаар МАН-ын гишүүн бүр сонгуулийн тэргүүн эгнээний байлдагч болж хувирлаа.

МАН-ын нэг зарчим бол нэг толгойтой, нэг тушаалтай байх явдал. Тиймээс сонгуульд ялж гарахын үндэс нь МАН-ыг хагалан бутаргахыг амин сонирхлоо болгосон нөхдийг дийлж гарах явдал гэнэ. Намаа шүүмжилдэг, толгойгоороо тоглохыг санаархдаг нөхөд ялалт байгуулахад гай болно гэж үзжээ. Энэ зорилгоор намынхаа дотоод амьдралын байдлыг сайтар оношилж шинжлэн үзэхээр болжээ. Шинжилгээгээр “муу” үнэлгээ авсан эмзэг хэсэг нь хамгийн тууштай сонгогч болох ахмадууд болж таарав. Хуучин нэрийг нь авсан буруу нам руу сэтгэл татагдаад байгаа ахмад гишүүдэд жич анхаарах ёстой гэдгийг дотоод оношилгоо хэлээд буй гэнэ. Намын бүх шатны ажилтны ахуй амьдрал, хүсэл бодол, намын нэрээр сонгогдож томилогдсон албан тушаалтнуудын ажил хэрэг зэргийг бас “чагнаж” үзэх шаардлага гарсан байна.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тун нарийн шигшүүрээр шигшиж гаргаж ирнэ гэдгийг МАН-ын дарга хатуухан сануулжээ. Ямар ёс суртахуунтай, намдаа хэр элэгтэй, намын төлөө өмнө нь юу хийсэн, хариуцуулсан ажлыг аль зэрэг нэр төртэй гүйцэтгэж байсан,  мэдрэмж, мэдлэгээр ямар хүн болох, эдгээр нь намд яаж нөлөөлөх зэрэг үзүүлэлтээр нэг бүрчлэн шүүж байж намаа шүүмжлээд гүйгээд байдаггүй, өөр нам руу хальтираад орчихдоггүй нөхдийг олж тогтоох бололтой.

Хувийн сонирхлоор намын дотор хэрүүл маргаан өдөөх, олонхийн саналаар тогтсон бодлогыг ойлгож хэрэгжүүлэхийн оронд зөрүүдэлж өөрийн аминч алдаатай санааг сөргүүлэн тавих, ганцаарчилсан тоглолт хийх гэсэн “бусармаг оролдлого” гаргагч бүртэй хатуухан тэмцэх юм байна. Ганцаарчилсан тоглолт хийж тодрох гэсэн нөхдөд МАН-ын дарга нар нэр дэвшүүлэхгүй байх нээнтэг тавьж мэдэхээр байгаагаа үүгээр сануулжээ. “Намын бодлого, байр суурийг бүлэглэлийн юмуу хувийнхаа явцуу ашиг сонирхлын үүднээс элдвээр өөнтөглөн мушгин гуйвуулах нь манай намд төдийгүй, улс оронд хортой. Намын гишүүдийн дунд шүүмжлэлд өртөөд байгаа ийм оролдлогыг цаашид газар авахуулахгүй шууд таслан зогсоож хариуцлага ногдуулах нь шударга хэрэг болно” гэж МАН-ын дарга  үзсэн байна.

Ирэх сонгуульд МАН-ын хамгийн нэгдүгээр өрсөлдөгч нь өмнөх жилүүдийнх шиг АН бус, архивт хийсэн нэрийг нь Дээд шүүхээр дамжуулан гаргаж ирээд овоглочихсон шинэ МАХН болсон байна. Орон нутгийн гишүүд МАН, МАХН-аа ялгахгүй мундраа хутгах явдал элбэг байгаа нь харагджээ. МАН-ын хамгийн том аюул чухам энэ болоод байгааг удирдлага нь мэдэрч, үүнээс  сэрэмжлэхээр болжээ. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын даргалдаг МАХН гэдэг нам жилийн өмнө түүх болгосон МАХН огт биш гэдгийг гишүүддээ сайтар таниулж өгөх нэг том үүрэг бага хурлын гишүүдэд ногдлоо. Ний нуугүй хэлэхэд МАХН нэрээр улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс МАН-ыг дэмжигчдийн саналыг хуваах зорилготой нь илт тул “шинэ МАХН-аас айтугай, эмээтүгэй” гэсэн сэрэмжлүүлгийг гишүүддээ өгөөд байна. Дээд шүүхийн шийдвэрээр 19 дэх улс төрийн нам болон шинээр байгуулагдсан МАХН нь хэрэг дээрээ тавхан сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа “шал өөр” хүчин болохыг өвгөд хөгшдөд сайн таниулж өгөх нь нэн чухал ажил болжээ.

МАН-ын бага хурлын үйл ажиллагааг аль болох аядуу, соёлтой явуулах үүргийг хурал даргалагчид хүлээж, “хазгай” зүйл ярьж босч ирэгсдийг дэмжихгүй байхыг бага хурлын гишүүддээ сануулжээ. Танхим ч энэ үүргээ сайн биелүүлж буй аж. Энэ нь “ганцаарчилсан тоглолтыг дэмжихгүй” гэсэн МАН-ын зарчмын дагуу хийж байгаа ажил юм. Харин МАН-ын бага хуралд “гал дүрэлзэх” аваас шөнө дөлөөр болж магадгүй байна.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж