Хиймэл эрхтний эрэлт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Хиймэл эрхтний эрэлт нэмэгджээ

Сүүлийн үед осол аваар, хөлдөлт зэргээс үүдэн иргэд эрхтэн дутуу болсоор байна. Үүнийг дагаад хиймэл эрхтэн захиалах хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг албаны хүмүүс хэлэх болсон. Хиймэл эрхтний үйлдвэрлэл ямар байгаа талаар Сэргээн засах үндэсний төвийн Протезын техникч Д.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Сүүлийн үед хиймэл эрхтний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа гэсэн. Энэ харамсалтай зүйлийн талаар та юу хэлэх вэ?

-Сүүлийн жилүүдэд машин, техник хэрэгсэл гаднаас олноор оруулж ирж байна. Үүнийг дагаад аваар осолд өртөх нь нэмэгдсэн. Тиймээс гар, хөлгүй болж хиймэл эрхтэн хийлгэх хүсэлт тавих хүмүүсийн тоо олширч байна. Түүнчлэн ашигтай ажиллах гэсэн үйлдвэрийн тоо ч өсч байгаа. Манайх хиймэл эрхтэн үйлдвэрлэдэг улсын мэдлийн ганц үйлдвэр. Тиймээс хамгийн хямд байдаг. Бид одоогоор доод мөчнөөс тавхай, шилбэ, дунд чөмөг, сүүж түнх, дээд мөчний гарын хуруу, тохой шуу, сарвуу, мөрний протезыг үйлдвэрлэж байна.

-Жилд хэчнээн хиймэл эртхэн үйлдвэрлэдэг вэ?

-Жилд 5000 орчим хиймэл эрхтэн хийж байна. Хөл, гар гэхэд 150 гаруй болдог. Энэ нь урьд жилүүдийнхийг бодвол их тоо. Анх жилд 60 хүн хиймэл эрхтэн хийлгэдэг байсан. Одоо 100 хол даваад байна. Дээрээс нь хувийн үйлдвэрт хэчнээн эрхтэн хийж байгааг мэдэхгүй. Энэ тоо сүүлийн үед өсч байгаа.

-Ямар төрлийн хиймэл эрхтэн түлхүү захиалдаг вэ?

-Шилбэний протезыг  их захиалдаг. Мөн чөмгөөрөө тайруулсан хүмүүс олон байдаг.

 -Осол гэмтлээс үүдэн хөгжлийн бэрхшээлтэй болохоос гадна өөр ямар шалтгаанаар эд эрхтнээсээ салахад хүрдэг юм бол?

-Архи, согтууруулах ундаанаас болж олон хүн бие эрхтнээ төдийгүй амь насаа алдаж байна. Өвлийн цагт хөлдөлт их гардаг. Хөл, гараа тайруулах үзэгдэл олширсон.

-Хиймэл эрхтнийг ямар аргаар суулгадаг юм бэ?

-Тухайн хүнээс гипсээр хэмжээ аваад тэр хэмжээнд нь тааруулж хийдэг. Холбогдох эд материалыг Хятадаас авч байгаа.

-Ямар технологи ашигладаг вэ?

-Герман технологи. Тухайн хүнээс гипсээр авсан хэмжээнийхээ дагуу тусгай материал дээр цутгаж хийдэг.

-Ямар материалаар хийх үү?

-Фансмал материал хэрэглэдэг.

-Энэ нь хүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэг үү?

-Хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй. Энэ нь 600 грамм жинтэй. Дээр үед орос технологиор хийсэн хөл бэхэлгээтэй, 3.5 кг жинтэй байдаг байсан. Сүүлийн үед Герман технологийг дэлхий нийтээр хэрэглэж байна. Манайх 2006 оноос оруулж ирсэн.

-Нэг эрхтэн хийхэд хэр хугацаа зарцуулах уу?

-10 хоног болдог.

-Эдэлгээ хэр удаан байдаг бол?

-Халамжийн шугамаар таван жилд улсаас нэг удаа үнэгүй хийж өгдөг. Тэгэхээр таван жилийн баталгаатай гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэ­сэн протезын үнийг гурван жил тутамд нэг удаа хөнгөлдөг. Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез сэргээн засалтын хөнгөлөлт авдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезын үнийг таван жил тутамд нэг удаа 100 хувь нөхөн олгодог.

-Үнэ нь ямар байдаг юм?

-Дунд чөмөг 500, шилбэ 400 мянга, сүүж түнх 650 мянган төгрөгөөр хийж байгаа. Таван жилийн дараа солиулахад нь улсаас бүх зардлыг нь даадаг. Харин үүнээс өмнө хиймэл эрхтнээ эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн хүн өөрөө бүх зардлыг гаргана.

-Эрхтэн суулгуулж байгаа хүнд ямар шаардлага тавьдаг вэ, Анхаарах ёстой зүйлийг тодруулахгүй юу?

-Тайруулаад зургаан сар болсны дараа, шарх нь эдгэсэн үед хиймэл эрхтэн суулгах ёстой гэсэн заалт байдаг.  Хүн бүрийн биеийн байдал, харьцаа өөр, өөр байдаг. Хөлийн тайралт гэхэд урт богино янз бүр бий.

-Танайх хиймэл эрхтэн хийдэг хувийн үйлдвэрүүдээс юугаараа давуу вэ, Чанарын ялгаа бий юу?

-Хүмүүс голдуу манай үйлдвэрт ханддаг. Материалаа захиалж авч байгаа газар нь ижил учраас чанарын хувьд адил байх.

-Танай үйлдвэрт хэдэн хүн ажилладаг вэ?

-Ердөө хоёр хүн ажилладаг.

Б.Азаа

"Өдрийн шуудан" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж