Уул уурхайн шилдгүүдийг тодруулсан “Mining Journal Awards 2011”

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Уул уурхайн шилдгүүдийг тодруулсан “Mining Journal Awards 2011”

The Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Mining Journal Awards 2011” ёслолын ажиллагаа энэ сарын 25-нд боллоо. Энэхүү шалгаруулалт нь Уул уурхайн салбарын оны шилдэг үйл ажиллагааг олон нийтэд зарлан таниулах зорилготой жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг арга хэмжээ билээ.

Mining Journal Awards ёслолын ажиллагааг нээж Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Л.Болормаа үг хэлсэн юм. Уул уурхайн үйлдвэрлэлийн амин сүнсийг атгаж яваа, нуруун дээрээ ачааны хүндийг үүрч байгаа салбарынхныг хөхиүлэн дэмжиж, Монголын олон нийтдээ таниулан өргөмжлөх учиртай хэмээн Mongolian Mining Journal сэтгүүл үздгийг тэрээр онцолсон.

Уул уурхайн салбарын өндөр эрсдэл, энэ салбарынхны бүтэн жилийн хөдөлмөр, хөлс хүч, оюун ухаан, менежментийн чадварыг үнэлэн цэгнэх хүндтэй үүргийг Шүүгчдийн Зөвлөл хүлээдэг юм. Шүүгчдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын уул уурхайн салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүд багтдаг байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, Аялал жуулчлал, Геологи, Уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, Маркшейдерийн холбооны тэргүүн, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зөвлөх, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, профессор Д.Дондов, УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвтогтох, Монголын баяжуулагчдын холбооны тэргүүн Г.Шархүү, Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, Ил тод сангийн зохицуулагч Д.Цэрэнжав, Монголын экспортлогчдын холбооны тэргүүн Б.Галсандорж нар Mining Journal Awards-ийн хүндэт шүүгчид байлаа. Шүүгчдийн Зөвлөлийг төлөөлөн доктор, профессор Д.Дондов үг хэлсэн юм.

Mining Journal Awards ёслолын ажиллагааны эхний шагнал буюу “Оны шилдэг уурхай” номинацид “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” компанийн Ухаахудаг уурхай, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүдрийн ил уурхай хүчтэй өрсөлдсөнөөс Шалгуур үзүүлэлтүүдийг дүгнэсэн оноогоор Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн ил уурхай Шилдэг уурхайгаар шалгарчээ. Монгол орны гайхамшигт эрдэнэсийн чулуу болох чүнчигноровыг байгаль дээрх унаган төрхөнд нь хадгалан урласан цомыг Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд их ажил үйлсийнх нь бахархал болгон дурсган өгсөн юм. “Шилдэг уурхай” шагналын эздэд баяр хүргэн, эрхэмсэг оршихуйн ерөөлийг өргөж “Нюанс” хамтлаг ая дууны хадаг өргөсөн. 

Mining Journal Awards-аас хэдхэн хоногийн дараа “Эрдэнэт” үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд Төрийн соёрхол хүртсэн нь уг шагнал нүдээ олсны илрэл болсон юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзориг Төрийн соёрхол хүртсэн баярынхаа үеэр Mining Journal Awards-ийн “Оны шилдэг уурхай” номинацид шалгарсан сэтгэгдлээ ийнхүү хуваалцсан юм. “Mongolian Mining Journal” сэтгүүлийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Манай Эрдэнэт үйлдвэр энэ жил их одтой байгаа. Дэлхийн шилдэг үйлдвэр болсон. Мөн Төрийн соёрхол хүртлээ. Энэ бүх шагнал урамшуулал бол манай үйлдвэрийн хамт олны хөдөлмөрийн үр шим юм. Уул уурхайн ашиглалтын гучаад жилд уул геологийн нөхцөл улам хүндэрч байгаа. Үүнийг монголчууд маань мэдэж байгаа байх. Жил ирэх тусам газрынхаа гүн рүү орж, хүдэр дэх металын агуулга эрс буурч байна. Энэ нөхцөлд яаж үр ашгийг илүү сайн түвшинд байлгаж ажиллах вэ гэдэг зорилтыг өмнөө тавьж ажилласан. Үүний тулд нэгдүгээрт техникийн шинэчлэл, хоёрдугаарт технологийн шинэчлэл хийсэн. Эдгээр шинэчлэлийнхээ дүнд жилд 60 сая орчим доллларын ашигтай ажиллаж байна. Энэ бол манай инженер техникийн ажилтан, үндэсний мэргэжилтнүүд ямар их оюун ухааны чадвартай, цаашид ажиллах ямар их хүчин чадалтай байгааг гэдгийг харуулсан явдал юм. Зөвхөн Эрдэнэт үйлдвэр төдийгүй цаашдаа Оюутолгой, Тавантолгой, түүнчлэн зөвхөн зэсийн ордоор зогсохгүй өөр металын баяжуулалтад ашиглаж болохоор технологийг нээснээрээ маш их ач холбогдолтой гэж бодож байна. Мэргэжлийн салбарынхны ажил хөдөлмөрийг нь үнэлж урамшуулж байгаад дахин талархал илэрхийлье” гэлээ. 

Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа номинацид нийт 6 компани ажлын үзүүлэлтүүдээ ирүүлэн өрсөлдсөнөөс Шүүгчдийн шалгаруулалтаар “Энержи Ресурс”, “Монголын алт”, “Шарын гол” компаниуд өндөр оноо авч эхний гуравт “давхижээ”. Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр “Энержи Ресурс” компани шалгарч Монгол орны гайхамшигт эрдэнэсийн чулуу болох Гартаамаар урласан цомыг гардан авсан. “Энержи Ресурс” энэхүү хүндтэй шагналын эзнээр шалгарсан нь нүдээ олсон шагнал болсон гэдгийг салбарынхан хүлээн зөвшөөрч байсан юм.

Шилдэг эко уурхай номинацид харьцангуй олон компани нэр дэвшиж хүчтэй өрсөлдсөнөөс “Пибоди Винсвэй Ресорсиз” компани, “Энержи Ресурс” ХХК, “Оюутолгой” ХХК амжилтаараа эхний гуравт шалгарчээ. Олон нийт хийгээд нийгмийн зүгээс хамгийн их таашаал хүртэж байгаа энэхүү нэр хүндтэй номинацийн эзнээр “Пибоди Винсвэй Ресорсиз” компани тодорч, Цэнхэр мана хэмээх ховор үзэсгэлэнт чулуугаар урласан цомыг байгаль дэлхийдээ хандсан ээлтэй ажлынхаа бахархал болгон хадгалахаар гардан авсан. Уул уурхайн хатуу, хүнд үйлдвэрлэлийг байгаль экологийн хамгаалалттай хослуулан явуулж буй нийт уул уурхайн компаниудад баяр хүргэж, язгуур урлагийн Жонон хамтлаг “Өвөл” хэмээх аялгуугаа тоглон хурсан зочдын сонорыг мялаасан юм.

Шилдэг технологи номинацийн шалгаруулалт хамгийн өрсөлдөөнтэй болсон юм. Тус ангилалд хамгийн олон буюу нийт 13 компани ажлын үзүүлэлтүүдээ ирүүлснээс “Таван талст”, “Эрдмин”, “Мера”  компаниуд манлайлан өрсөлджээ. Нүүрс хатаах технологи оруулж ирсэн “Таван талст” компани энэхүү номинацид түрүүлж Чүнчигноров чулууг байгалийн унаган төрхөнд нь хадгалан урласан цомыг дурсгал болгон гардан авлаа. Тус номинацид тун хүчтэй өрсөлдөгчид тунаж үлджээ. Монгол оронд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлсэд хувь нэмрээ оруулан, эхний шан татаж яваа “Эрдмин” компанийн хамт олныг энд дурдах нь зүйтэй биз ээ. “Эрдмин”-ийн бүтээгдэхүүн өнөөдөр дотоодын зах зээлд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болсныг уншигч та бүхэн мэднэ.

Хайгуулын шилдэг компани номинацид “Хүннү Коал”, “Кью Жи Экс” (QGX), МТ дриллинг компаниуд эхний гуравт шалгарч хүчтэй өрсөлдсөнөөс “Хүннү коал” компани шалгарчээ. ZaMine Services компанийн Үйл ажиллагаа хариуцсан Захирал Ю.Ариунсайхан Монгол орны гайхамшигт эрдэнэсийн чулуу болох гартаам болон усан болроор урласан цомыг “Хүннү Коал”-ын хамт олонд гардуулан өгсөн. Хайгуулын шилдэг компани номинацид гадаадын хөрөнгө оруулалттай олон компани өрсөлдсөн. Харин тэдгээрийн дунд үндэсний хөрөнгө оруулалттай МТ дриллинг компанийн нэр зүй ёсоор нэрлэгдсэн юм. Байгуулагдаад удаагүй боловч тус компани далайцтай олон ажил гүйцэтгэжээ.

Аливаа үйл ажиллагааг дэмжлэг урамгүйгээр төсөөлөхөд бэрх. Уул уурхайн үйлдвэрлэлийг сэтгэл зүтгэл, үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний ажил, хөрөнгө хүчээр дэмжин тэтгэж явдаг хувь хүн хийгээд байгууллагыг тодруулахад “Уул уурхайн салбарыг дэмжигч” номинацийн зорилго оршсон. Энэ номинацийн эздийг тодруулахын тулд уул уурхайн салбарын 270 мэргэжилтэн, судалгааны байгууллагаас нэг сарын хугацаанд санал асуулга хуудсаар авсан байна. Түүнчлэн Монголын хамгийн хүртээмжтэй сайтууд болох www.news.mn, www.gogo.mn сайтуудаар нэг сарын турш олон нийтээс санал авсан юм. Онлайн санал асуулгад хандалт маш өндөр байсан нь Монголын олон нийт уул уурхайн салбарын зөв хөгжил болоод энэхүү салбарын хөгжилд дорвитой хувь нэмрээ оруулж буй байгууллага, хүмүүсийг анхааран үнэлж байгааг бэлхнээ харж болохоор байлаа. 

“Уул уурхайн салбарыг дэмжигч Оны хүн” номинацийн хамгийн өндөр үнэлгээг Монгол улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт авчээ. Нийт 720 санал ирснээс 53 хувь нь түүнийг “Уул уурхайн салбарыг дэмжигч Оны хүн” хэмээн нэрлэжээ. Энэ номинацид хамгийн их санал авсан дараагийн хүнээр Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат тодорсон бол гуравдугаарт “Энержи Ресурс” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргалыг олон нийт “Уул уурхайн Оны шилдэг хүн” хэмээн нэрлэжээ.

“Уул уурхайг дэмжигч байгууллага” номинацид олон нийт, мэргэжилтнүүд хийгээд Иргэний нийгмийн төлөөллөөс хамгийн өндөр үнэлгээ авсан байгууллагаар Худалдаа хөгжлийн банк тодорчээ. Нийт саналын 31 хувь нь тус банкийг Уул уурхайн салбарыг дэмжигч гэж үзсэн байна. Тус банк нь зөвхөн 2011 онд уул уурхайн хурал зөвлөгөөн, үйл ажиллагааг дэмжин ажиллаж, тэдгээрт 500 сая төгрөг зарцуулжээ. Уул уурхайг дэмжигч шилдэг байгуулагаар тодорсон Худалдаа хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Орхонд Мана эрдэнийн чулууг байгалийн унаган төрхөөр нь хадгалсан цомыг гардуулж өгсөн юм.

2011 онд уул уурхайн үйлдвэрлэлийн үе шат бүртээ маргашгүй том амжилт гаргаж, эх орны хөгжлийн урагшлах зүтгүүрт хүч нэмсэн хамт олныг шалгаруулах Гран При буюу “Шилдгийн дээд” хэмээх нэр хүндтэй номинацийг "Энержи Ресурс" компани шалгаруулалтын бүхий л номинацид хамгийн өндөр оноо авсан цогц амжилтаараа хүртжээ. Монгол орны гайхамшигт эрдэнэсийн чулуу болох Хангарьдын идээг байгаль дээрх унаган төрхөнд нь хадгалан урласан цомыг “Энержи Ресурс”-ын хамт олонд их ажил үйлсийнх нь бахархал болгон, хангарьд мэт өндөрт дүүлэн, Монгол орноо дэлхий дахинаа зарлан тунхаглаж явахыг ерөөн гардуулсан юм.  

Mining Journal Awards-2011-д өнгөрсөн жилийнхээс илүү олон компани тайлан материалаа ирүүлэн өрсөлджээ. Уг арга хэмжээний далайц жил ирэх тусам өргөжиж байгаа нь шалгаруулалтын дүн хараат бус, шударга гардаг, аль нэг төрийн байгууллагын хяналт дор явагддаггүй, олон нийтийн санал асуулгыг онлайнаар нээлттэй авдаг, мэргэжлийн байгууллагуудаар бүтэн сарын хугацаанд санал асуулга давхар явуулах зэргээр шалгаруулалтын үр дүн бодитой байж болох бүхий л боломж бүрддэгтэй холбоотой. Ирэх жилүүдэд “Эрдэнэс Тавантолгой”, "Монголын Алт", "Оюутолгой" зэрэг компаниудын бүтээн байгуулалт ид жигдэрч, түүнчлэн үндэсний бусад компаниудын үйл ажиллагаа шалгаруулалтад хүчтэй өрсөлдөх түвшинд гарч ирнэ хэмээн уул уурхайн салбарын мэргэжилтнүүд онцолж байсан.  Тиймээс ирэх жилийн шалгаруулалт энэ оныхоос ч илүү өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.

"Mining Journal Awards 2011" ёслолын арга хэмжээнд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал,  УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, Төрийн өмчийн Хорооны даргын зөвлөх Б.Байлыхүү, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Батбаатар зэрэг төр засгийн төлөөлөгчид, Монгол улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд С.Баяраа, ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Виктор Васильевич Самойленко, ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Филип Тер Вуурт зэрэг  Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч, Элчин сайдууд, Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд, Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Билл Горман, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Уул уурхай эрхэлсэн Дэд захирал Грэм Хэнкок, Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, ТУЗ-ийн гишүүн Ч.Ганболд, Гүйцэтгэх захирал Камерон Макрей нарын уул уурхайн салбарын бүхий л компанийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж