Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг анхаарах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг анхаарах хэрэгтэй гэв

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийн хамгаалах өдрийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эцэг эхийн холбоо хэвлэлийн долоо хоног зарлалаа. Энэ хүрээнд өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийлээ.

Хуралд Монгол улсын төрөөс хүн амын талаар баримталж буй бодлого хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн аж байдлыг сайжруулах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх зэрэг олон бодлого, хөтөлбөрүүд цаасан дээр тунхагийн шинж чанартай хэрэгжиж байна гэдгийг мэдэгдээд энэ талаар хэрхэх тухай санал, зөвлөмжүүдийг танилцуулсан юм. Хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох бүхий л эрхийг хангах үзэл баримтлал тусгагдсан байдаг ч биет ба биет бус тулгадсан асуудлууд шийдвэрлэгдэж чадахгүй байгаа аж. Энэ нь нийтийн эзэмшлийн гудамж, талбай нь хүүхдүүдийн амар тайван байх болоцоогүй, ариун цэврийн өрөө, сургалтын орчин болсон анги танхим, хэрэгслүүд  хангалтгүй байгаа нь эргээд тэдний сурч хөгжих, нийгэмших, аятай тухтай амьдрахад нөлөөлж байна хэмээн тус эцэг эхийн холбоо мэдэгдсэн юм. Мөн тус холбооноос 180 саажилттай хүүхдүүдийн боловсролд хамрагдсан байдлын талаарх  гаргасан судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 65 хувь нь гэртээ, 12 хувь нь цэцэрлэгт, 23 хувь нь сургуульд явдаг аж.

Тэдний дэвшүүлж буй асуудлууд бол хөгжлийн бэрхшээлтэй игэдийг төрөл түвшингөөр нь нарийн тогтоох, эмгэг согог нь нийгмийн аливаа үйл ажиллагаанд оролцоход хэрхэн саад учруулж буйг тодорхойлох, хүүхдүүдэд сурч боловсрох, хөгжихөд нь юу зайлшгүй хэрэгтэйг мэдэж, бүртгэлийн нэгдсэн системтэй болгох, тэднийг асарч тэтгэх эцэг эхчүүдэд зөвлөх үйлчилгээний системийг бий болгох зэрэг бөгөөд эдгээрийг төр засгаас онцгойлон анхаарч үзэхийг санал болгосон юм. Энэ талаар тус холбооны тэргүүн С.Сэргэлэнгээс тодрууллаа.

-Дэлхийн олон улс оронд хөгжлийн бэрхшээл хүнийг янз бүрээр тодорхойлдог. Манай улсын тухайд хэрхэн тодорхойлдог вэ?

-Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй хүн нь бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согогтой бөгөөд энэ согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нэгдэн нийлсэний улмаас бусдын нэгэн адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэйгээр оролцоход нь саад учруулахуйц болсон этгээдийг хэлнэ гэж заасан байдаг юм. Манай улсын хувьд 2008 оны 1 дүгээр сарын 15-нд хөгжлийн бэрхшээлтэй  хүний нийгмийн хамгааллын тухай хуулинд өөрчлөлт оруулсан. Үүнд бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд орох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарагдсан хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж тодорхойлно гэдэг юм. Тэгэхээр гол асуудал бол нийгмийн харилцаанд хатуухан хэлэхэд хашилт хийхээс өмнө сайн оношилж, мэдэж, тухайн хүн яг ямар хөгжлийн асуудал байна гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийгээ зөвөөр ойлгохоос ч эхэлнэ.

-Ямар бэрхшээл байна гэдгийг нарийн оношилсоны үндсэн дээр тэгэхээр эмчилгээ сургалт, хөгжүүлэлтийн арга барил ч өөр болох байх. Цаашид сургалтыг боловсронгуй болгоход юуг авч хэрэгжүүлвэл үр дүнгээ өгөх бол?

-Тэгэлгүй яахав.  Цаашид тусгай хэрэгцээт боловсролын сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлж, гадаадын ижил төстэй сургуулийн сургалтын хөтөлбөрийг судлахад анхаарах хэрэгтэй байгаа юм.  Мөн сургалтын агуулга, арга зүй, сургалтын байгууллагын стратегийг боловсруулах яалт ч үгүй хэрэгтэй л дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн хүүхдийн нэгэн адил арга зүйгээр үнэлж буй үнэлгээний өнөөгийн системийг нэн даруй бүрэлдүүлэх, хүүхэд бүрт тохирсон ганцаарчилсан сургалтыг бий болгох шаардлага байна.

-Хүүхдүүдийг нийгэмшүүлэх нь тэдэнд эрх тэгш, түүгээр ч барахгүй эрүүл хүүхдийн адилаар сэтгэдэг болоход нь ач холбогдолтой гэдэг. Тэгэхээр ганцаарчилсан сургалтыг мөрдлөг болговол энэ тал дээр хэрхэх бол?

-Энэ нь хүүхдийг нийгэмшүүлэх гэдэг үндсэн зорилтон дээр үндэслэсэн сургалтын арга хэлбэр л дээ. Яагаад гэхээр энэ хоорондоо эсрэг ойлгогдож байгаа байх. Гэхдээ ганцаарчилсан сургалт бол хүүхдийг түвшингөөр нь тодорхойлсоны дараа  илүү нийгэмшүүлэхэд бэлтгэл болгож өгөх ач холбогдолтой.Энэ үүднээсээ ганцаарчилсан сургалтыг онцлоод байгаа юм.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж