Энэтхэгт ажил хаялт зарлав

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Энэтхэгт ажил хаялт зарлав

Энэтхэгийн Маоист хөдөлгөөний удирдагч Котешвар Раогийн амь насанд халдсаны хариуд хөдөлгөөний босогчид хоёр өдрийн бүх нийтийн ажил хаялт зарлажээ. Маоист хөдөлгөөний босогчид замын хөдөлгөөнд саад учруулж, сургууль, үйлчилгээний газруудыг хаана гэж заналхийлсэн байна. Хөдөлгөөний босогчид удирдагчийг нь санаатайгаар хөнөөсөн гэж үзэж байгаа юм. Тус улсын Маоист хөдөлгөөний удирдагч Котешвар Раог өнгөрсөн долоо хоногт Баруун Бенгал мужид цагдаа нар болон босогчдын дунд болсон мөргөлдөөний үеэр амиа алдсан юм. Дээрх аллагын хариуд Энэтхэгийн Коммунист (маоист) намын төлөөлөгч мэдэгдэл гаргахдаа “Ирэх сарын эхээр тус хөдөлгөөнийхөн нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулж, их дээд сургууль болон бизнесийн байгууллагуудыг хаана” гэжээ. Маоист хөдөлгөөний удирдагчийн нэг  Котешвар Рао өнгөрсөн нэгдүгээр сард “Энэтхэгт 2025 онд Маоист хувьсгал болно” гэж мэдэгдэл хийхээс түүний улс төрийн үзэл баримтлалын талаар хэн ч мэддэггүй байжээ. Түүний удирдлага доор 20,000 гаруй зэвсэгт босогчид байдаг бөгөөд тэд зэвсгээ цагдаа нараас дээрэмддэг тухай мэдээлэл байдаг. Моаист хөдөлгөөнийхөн Энэтхэгийн 600 дүүргийн гуравны нэгд нөлөөгөө тогтоосон ажээ. 1960 оны сүүлчээр Баруун Бенгалд үүссэн маоист хөдөлгөөний мөргөлдөөний улмаас 6,000 гаруй хүн амиа алдсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж