“Хурд” гитараа хайж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

“Хурд” гитараа хайж байна

Ердөө хэдхэн хоногийн дараа “Best of Hurd” тоглолтоо хийх гэж буй “Хурд” хамтлагийнхан зургаагийн зургаан гитараа урт гартнуудад алджээ. Хамтлагийн ахлагч Д.Ганбаярын хэлснээр хөгжмийн зохиолч Л.Балхжавын тоглолтод оролцож дуусаад харихын өмнө машинаасаа гитараа алдсан юм байна. “Хурд”-ынхны гитарууд гитарчин Д.Отгонбаярын машинд байсан бөгөөд хулгайч  машины цонхыг хагалан, бүгдийг нь авч явсан байна. Хэдийгээр энэ хэрэг сар гаруйн өмнө гарсан ч монголд тус бүр нь нэг ширхэг байсан гитаруудынх нь сураг одоог хүртэл гараагүй байгаа тухай “Хурд”-ынхан өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Тэд ирэх арванхоёрдугаар сарын 2, 3-нд болох “Best of Hurd” тоглолтынхоо талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Доод тал нь зургаа, дээд тал нь 14 жил хэрэглэсэн хөгжмийн зэмсгээ алдсандаа харамсч байгаагаа тэд нуусангүй. Монголын рок, поп урлагийн үнэ хүндтэй хамтлагийн олон арван шилдэг дууг амьдруулсан “Хурд” хамтлагийн алдагдсан гитарын тухай мэдээллийг тэд 99116979 утсаар өгч болохыг хэлээд “Өндөр шагнал өгнө” хэмээлээ.

 “Хурд”-ын “Best of Hurd” тоглолтын тасалбар 15 мянган төгрөг байх ба шинэ тоглолтынхоо орлогоос хамгийн түрүүнд хамтлагтаа гитар авахаас аргагүй болсноо учирлаж байв.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж