“Хурд”-ын хурдыг мэдрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

“Хурд”-ын хурдыг мэдрүүлнэ

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Хурд” хамтлагийнхан “Best of Hurd” тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ. Тоглолт арванхоёрдугаар сарын 2, 3-нд “UB Palace”-ын концертийн их танхимд болно.

1993 онд байгуулагдаж, 15 жилийн турш Монголын рок, попын ертөнцөд уран бүтээлээ туурвиж буй “Хурд”-ынхан өнгөрсөн хугацаанд 14 удаагийн том хэмжээний тоглолт тавьжээ.  Үе үеийн хамгийн шилдэг дуунуудаа сонгож дуулах  “Best of Hurd” тоглолт гурван хэсгээс бүрдэнэ юм байна.

Ердөө хэдхэн хоногийн дараа “Best of Hurd” тоглолтоо хийх гэж буй “Хурд” хамтлагийнхан зургаагийн зургаан гитараа урт гартнуудад алдсанаа өнөөдөр мөн дуулгалаа. Хамтлагийн ахлагч Д.Ганбаярын хэлснээр хөгжмийн зохиолч Л.Балхжавын тоглолтод оролцож дуусаад харихын өмнө машинаасаа гитараа алдсан юм байна. “Хурд”-ынхны гитарууд гитарчин Д.Отгонбаярын машинд байсан бөгөөд хулгайч  машины цонхыг хагалан, бүгдийг нь авч явсан байна. Хэдийгээр энэ хэрэг сар гаруйн өмнө гарсан ч монголд тус бүр нь нэг ширхэг байсан гитаруудынх нь сураг одоог хүртэл гараагүй байгаа гэнэ.

“Хурд”-ын “Best of Hurd” тоглолтын тасалбар 15 мянган төгрөг байх ба шинэ тоглолтынхоо орлогоос хамгийн түрүүнд хамтлагтаа гитар авахаас аргагүй болсноо учирлаж байв.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж