Арваннэгдүгээр сарын 19–ний бямба гаригт СиАйЭс хэмээх Францын гэрээт компанийн ажилтан Монгол залууг төслийн талбайд нас барсан байхыг олсон бөгөөд одоо цагдаагийн байгууллага уг хэргийг шалгасан хэвээр байна. Оюутолгой төслийн талбайд өөр ямар нэг золгүй явдал, осол хэрэг гараагүй болно.
МакРэй хэлэхдээ, “Юуны түрүүнд Оюутолгойд байгаа бүх хүний өмнөөс нас барсан залуугийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна.” гээд “Бид төслийн зүгээс түүний гэр бүлийнхэнд хэрэгтэй бүхнээр дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. Ар гэрийнхэн нь төслийн талбайд ирж үзсэн. Цагдаагийн мөрдөн байцаалт, шалгалтын шаардлагын улмаас бид одоогийн байдлаар төслийн талбайд гарсан энэ золгүй явдлын талаар өөр зүйл мэдээлэх боломжгүй байна. Олон нийтээс тэвчээртэй байж цагдаа нарт ажлаа хийх боломж олгохыг хүсэх байна” гэжээ.
Одоогийн байдлаар тус компанийн 11 мянган ажилтныхаа аюулгүй байдлыг хангах үүднээс төслийн талбайд Монголын компаниудын 200 гаруй харуул, хамгаалалтын ажилтныг ажиллуулж байгаа аж.
Тус компанийн гэрээт компанийн 34 ажилчин уг золгүй явдлын шалтгаанаар чөлөө авсан бөгөөд тэдний үүрэгт ажлыг бусад ажилчид ээлжлэн гүйцэтгэж байгаа аж. Тус компанийн удирдлагуудын зүгээс өгсөн мэдээллэар чөлөө авсан 34 хүн удахгүй буцаж ажилдаа орно гэсэн байна.