Явганаар гэмтвэл тухайн байгууллагаар төлбөрөө төлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Явганаар гэмтвэл тухайн байгууллагаар төлбөрөө төлүүлнэ

Энэ жил урьд жилүүдийг бодвол цас их орж халтиргаа гулгаа ихсэж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Захирагчийн Ажлын алба өнөөдөр дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга нарыг цуглуулж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж үүрэг даалгавар өглөө.

Цас их орсноос автомашины осол, явган хүн гэмтэхээс урьдчилан сэргийлж элс, давс болон тусгай бодисын хэмжээг өмнөх жилээс 300 тн-оор нэмэгдүүлэхээр болжээ. Бодисыг нийлүүлмэгц дүүрэг бүрт тарааж өгөх бөгөөд халтиргаа ихээр үүсдэг зам талбайд хэрэглэх хэрэгтэйг анхааруулсан.

Хүйтний эрч чангарч байгаа энэ үед байгууллага болон аж ахуйн нэгжүүдийг харьяалах гудамж талбай, гаднах орчны гулгаа үүссэн хэсгийг цэвэрлүүлэхийг даалгав. Хэрвээ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийг үндэс болгож торгохоос эхлээд үйлчилгээ явуулах эрхгүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдийг хэллээ.

Уг ажил дараах системээр явагдана. Нийслэл дэх том болоод жижиг албан байгууллага бүрт дүүргийн мэргэжлийн хяналтын газрын ажилтан томилогдон ажиллана. Тухайн ажилтан аж ахуйн нэгж бүрт шаардлага тавьж биелүүлээгүй тохиолдолд Нийслэлийн үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас арга хэмжээ авна. Хэрэв явган хүн аль нэг байгууллагын өмнөх талбайд хальтиргаа гулгааны улмаас унаж бэртсэн тохиолдолд тухайн байгууллага эмнэлгийн зардлыг даана гэв.

Мөн энэ долоо хоногийн сүүлээр буюу арванхоёрдугаар сарын 2,3 нд бүх нийтийг хамарсан цас цэвэрлэгээг зохион байгуулахаар болсон бөгөөд дүүргийн мэргэжлийн хяналтын газраас байгууллага бүрт шаардлага, хяналт тавьж ажиллахыг даалгалаа.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж