Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигийн дагуу дайнд оролцсон ахмад дайчдад орон сууц олгох ажлыг НХХЯ, ЗТБХБЯ, БХЯ хамтран хэрэгжүүлж дууслаа. Орон сууцны дэмжлэгт 1620 ахмад дайчин хамрагдах судалгаа гарсан. Ахмад дайчдыг оролцсон дайн, байлдааны төрлөөр нь болон насны эрэмбийн дагуу дараалал тогтоон нэрсийн жагсаалт гаргаж орон сууц олгох ажлыг зохион байгуулсан. Улс тунхагласаны 87 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр байр аваагүй үлдээд байсан 90 ахмад дайчинд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди байрных нь түлхүүрийг гардууллаа. Эдгээр дайчид улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцож байжээ.
А.Зул