Олон улсын сэтгүүлч, тоймч Б.Дашзэвэг: Би төрөлхийн романтик, дэврүүн сэтгэлтэй хүн

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Олон улсын сэтгүүлч, тоймч Б.Дашзэвэг: Би төрөлхийн романтик, дэврүүн сэтгэлтэй хүн

Олон улсын сэтгүүлч, тоймч Б.Дашзэвэг: Би төрөлхийн романтик, дэврүүн сэтгэлтэй хүн

Цав цагаан хувцас, гуталтай наяад онд моодонд орж байсан нарны шилээ мөн л цагаан алчуураар нямбай гэгч арчих нь яг л бяцхан хүүхэд шиг. 25 настайдаа анх харааны шил зүүсэн, өдийг хүртэл энэ загварын шилнээсээ огт салаагүй гэх. Тэр ер нь хуучинсаг гэхээсээ илүү юунаас ч уйддаггүй хүн байх аа. Юутай ч түүний шинэ уран бүтээл болон гэр бүл, хувийн амьралынх нь талаар ярилцлаа.


-Дашзэвэг гуай та чинь яагаад гэнэт л дуучин болчихов оо?

-Хүний амьдрал бол дууны аялгуу, ухаалаг цөөн үг гэж ойлгодог. Ийм учраас улс төрийн тоймч гэсэн үндсэн ажлынхаа зэрэгцээгээр урлагийг сонирхож, ямар нэгэн хэмжээгээр оролцож ирлээ. Миний нэг онцлог нь бага наснаасаа юм болгоныг сонирхдог, оролддог түүний дотор урлаг. Хөгжмийн урлагт сонирхогч нь оролцогч байж солгой хоолойгоор дуулах боловч хөгжмийн хэлийг маш сайн ойлгогч.

-Хэзээнээс энэ хөгжмийг сонирхож эхлэв?

-Ерөөсөө эстрад хөгжим рок, попын чиглэлийг дээр үеэс сонирхож эхэлсэн. 70, 80 аад оны Английн "Beatles" мэтийн хамтлагийн сонирхогч, сонсогч байсан төдийгүй ямар нэг хэмжээнд оролцсон гэж хэлж болно. Жишээлбэл НҮБ-ын Ерөнхий ассамблейг сурвалжлахаар Америкийн New York хотод очихдооо тэр үеийн электро чиглэлийн хөгжмөөс радионы бичлэг хийж Монголын радиогоор олон цагийн нэвтрүүлэг явуулж байснаа дурдах нь зүйтэй байх. Шүлгий нь зохиосон нийтийн хэд хэдэн дуу бий. "Ээждээ би очлоо доо" гэж Бүрнээбаярын дуу байна. "Ай даа хүмүүс минь амьдрах сайхан" гэж нэг дуу бий. Тооны хувьд цөөн боловч хүн бүхний мэддэг аялдаг хэдэн дууны үг бичсэн байдаг юм.

-Та чинь гэнэт л электро хөгжмийн хэмнэлд "Цэнгэн хөгжилдъе өө" гэж дуулаад л гараад ирсэн хүн шүү дээ?

-Уран бүтээлч хүн олны сонирхлыг татаж байж л амжилтанд хүрдэг. Уран бүтээл бол хүнд, хүмүүст л зориулсан зүйл. Иймээс уран бүтээлчийг сайшааж байгаа нь сайн. Шүүмжилж байгаа нь бүр сайн. Намайг энэ чиглэлийн хөгжимд оролцож анх гарч ирэхэд хүмүүсийн хүлээн авалт гурван янзаар илэрч байсан. Эхний хэсэг нь: Дэлхийн олон газраар явсан хүн учир заавал нэг зүйл хийх гээд байгаа байх гэж сонирхож. Нөгөө хэсэг нь гайхширч. Үлдсэн хэд нь үгүйсгэж хүлээж авсан. Одоо харин дэмжигчдийн тоо нэмэгдэж байх шиг байна. Хөөрхий амьтан гээд. Тийм ээ?

-Дуулах санааг та өөрөө гаргасан уу?

-Б.Наранзун, "B production" санал тавьсан. Тэд бол шинэ үеийн хөгжмийн жинхэнэ боловсролтой, авьяастай, санаачлага залуус учир хамтран ажиллах саналыг нь би уриалгахан хүлээж авсан. Одоо "B production"-ны жүжигчин хэмээх гэрээтэйгээр ажиллаж байна. Энэ байгууллагаас гаргаж байгаа урлаг, уран бүтээлийн бүтээгдэхүүн дэлхийн зиндаанд хүрэх найдвартай гэж боддог.

-DZ Man-ы имиж юу вэ?

-Миний Dance, Trance хувцасны имиж бол цагаан ягааны хослол. Би хурц өнгөнд дуртай.

-Үгээ өөрөө бичдэг биз дээ?

-Би энэ хөгжимд тааруулан шүлэг зохиодоггүй. Сэдвээ бодчихоод шууд студид орно. Тэгээд хөгжмийнхөө хэмнэлд тохируулаад бодлоо хэлдэг. Иймээс дуу болгон залууст ямар нэгэн ухаарлын үг өгдөг. Түүнийг хөгжмөөр илэрхийлэх зорилготой. Миний дуу болгон ямар нэг чухал санааг хэлэх зорилготой. "Хайр гэж юу юм бэ" дууг сонс л доо. Тэгээд ойлгоно.

-Хайр гэж юу юм бэ?

-Хайр гэдэг чинь одоо хүний амьдралын хамгийн эрхэм чухал, нандин зүйл. Мөн их гайхамшигтай.

-Энэ дуунд одоогийн залуучууд их салж байгаа талаар өгүүлдэг. Гэр бүл болон салалтын талаар юу гэж боддог вэ?

-Гэр бүл гэдэг чинь хэзээ ч хагацаж салахгүйгээр нэгэн цогц болоод хувирчихдаг бүтээл шүү дээ. Жишээ нь, ширээний нэг хөл нь байхгүй бол гурван хөлтэй ширээ дэгэн догон гээд л эвгүй биз дээ. Монгол зан заншил, монгол уламжлал бол гэр бүлийн ноён нуруу нь байдаг юм шүү. Монгол гэр бүлийн эр, эм хоёр хэрэлддэг хэдий ч ойртоод байдаг. Бие биенээсээ улам хамааралтай болоод байдаг. Тэгвэл Европын одоогийн гэр бүлүүд бие биедээ хайртай гээд л холдоод байдаг. Бие биенээсээ хамааралгүй болчихсон. Секс ч хамааралгүй. Нууц амрагтай.Монгол гэр бүл өөр. Уламжлал маань энэ бүхнийг бидэнд номлож, зааж сургаад байдагт байгаа юм. Дэлхийн чиг хандлагатай зохицон нийлэлгүй яах ч юм билээ. Тэглээ гээд ёс заншилаа умартаж болохгүй ээ.

-Тэгвэл та өөрийнхөө гэр бүлийн талаар яриач?

-Би гурван хүүхэдтэй. Барилгын засал чимэглэл, компютерийн инженер, нийгэм судлаач гээд гурвуулаа өөр өөр мэргэжлийн салбарт ажилладаг. Манай гэрт салбар салбарын мэргэжилтэн байна. Энэ нь сонирхолтой төдийгүй, гэр бүлд ч нийгэмд ч ашигтай. Энэ бол нэг ёсондоо гэр бүлийн зорилт. Бас гурван ач зээ байна. Тэд мөн л орчин үеийн хөгжлийн дагуу сурч боловсорч байгаа. Герман, хятад, орос, англи хэл шамдан үзэж эхэлсэн.

-Таныг DZ Man болоод хувирчихсан, дуулж байгааг гэр бүлийхэн чинь хэрхэн хүлээж авч байна?

-Одоогоор DZ Man-ы ач зээ нар нь trance, dance хөгжмийн фен нь болж байна. Насанд хүрсэн хүүхдүүд нь дэмжиж байна. Гэргий нь эргэлзэж байна.

-Гэргийнхээ талаар яриач…?

-Гэргий маань аж үйлдвэрийн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Намуухан дөлгөөн нэгэн бүсгүй бий. Тухайн үед 1000 гаруй ажилчинтай арьс ширний чиглэлийн үйлдвэрийн удирдлагад оролцож ажиллаж байсан сайн мэргэжилтний зохион байгуулагч.

-Анх яаж танилцав даа? Ханилан суугаад хэдэн жил болж байна?

-Бидний ээж , аав хоорондоо танил, бие биенийдээ ирж очдог байлаа. Улаанбаатарт гэр ч ойролцоо. Бие биедээ татагдаад гэр бүл болцгоосон. Одоо 36 жилийн нүүрийг үзэж байх шив дээ. Тэр үед би дөнгөж их сургууль төгсчихсөн, тоймч гэдэг ажлын үнэмлэх авчихсан байж билээ. Мэргэжлийнхээ үнэмлэхийг 1970 онд авахад тоймч орчуулагч гэж бичээстэй байсан. Түүнээс хойш одоо 37 дахь жилдээ тоймч гэдэг нэр намайг орхиогүй. Тиймээс миний эхнэрийг тоймчийн гэргий гэдэг.

-Залуудаа мэдээж болздог л байсан биз дээ. Тэр үед эхнэрээ яаж эргүүлдэг байсан бэ?

-Болзолгүй яахав. Би ч төрөлхийн романтик дэврүүн сэтгэлтэй хүн. Хайртай бүсгүйгээ дагуулаад янз бүрийн газраар явах дуртай. Театр, кино театр бид хоёрын болзооны газар байсан. Хамт кино үзээд сайн талын баатрыг ингэж дуурайна, харин муу талынхыг нь ингэж жигшинэ гэж ярилцдаг байжээ.

-Секс таны амьдралд ямар байр эзэлж байна?

-Секс гэдэг чинь таашаал авахаас гадна өгдөг гэдэг утгаараа нандин зүйл шүү дээ. Одоо бол зохих насандаа хийнэ. Гэхдээ хүн шиг хийхийг боддог. Адгуус шиг биш.

-Олон Улсын тоймчоос өөр дүр төрхөөр өөрийгөө төсөөлж байв уу?

-Говь-Алтай аймгийн Цогц сумын бурхан буудайн аманд байдаг нэгэн салаанд олон хүүхэдтэй, нэг эхнэртэй "Шалчийсан шар өвгөн" байх байсан даа. Эхнэр хүүхдээ загнаад л (Инээв)…

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Амралт, чөлөөт цаг гэж надад байдаггүй. Амралт гэдгийг чинь хэвтэж унтах гэж л ойлгодог шүү дээ би. Орондоо зүгээр хэвтдэггүй. Тэгж хэвтэхийг унтах л гэж ойлгоно.

-Ийм их ажилтай хүний амьдралын зорилго юу юм бол?

-Сайхан амьдрах. Би ажлаасаа таашаал авч, сайхан мэдрэмжүүдийг хүртдэг. Тиймдээ ч би одоогоор сэтгэлийн цэнгэл эдлэн сайхан амьдарч байгаа.

-Сайхан амьдралд таашаал чухал. Юунаас таашаал хүртдэг вэ?

-Ууланд явах, цэвэрхэн ширээн дээр хооллох. Идэхгүй ч гэсэн ширээгээ дүүртэл сайхан хоол өрсөн байх хичнээн сайхан гээч. Мөн ажлаа хийж байхад сандал маань эвтэйхэн, ширээ маань тоосгүй байхад л зохиол, бодрол гүйгээд ороод ирдэг дээ.

-Хоол гэснээс таныг хоол сайхан хийдэг гэж сонссон юм байна?

-Гэртээ байхдаа монгол хоол хийх дуртай. Миний хийсэн буузны амт яг л ээжийн минь хийсэн бууз шиг. Би ер нь өөрийн гэсэн онцлогтой байхыг боддог. Ээж минь 76 насыг зооглоод өөд болсон юм. Тэр үед би ээжийгээ хүйтэн чулуу дэрлүүлэхийг хүсэлгүй Нарангийн энгэрт, ээжийн газар дээр мод тарьсан юмдаг. Чулуун хөшөөнүүд хаа сайгүй арзайгаад байж л байдаг. Мод бол амьд. Ээжийн эд эс модонд шингэнэ, тэгээд үүрд амьдарна.

-Электро хөгжмөөс өөр чиглэлээр уран бүтээл туурвих санаа байна уу?

-Хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Лувсаншарав гуайтай "Өглөөн наран" бүтээл хийсэн. Монгол нутагт өглөө болж байна гэсэн агууламжтай, жинхэнэ монгол аялгуугаар хийгдсэн. Энэ дууг одоо "Freedom" гэдэг дуутай маань харьцуулбал асар том зөрүү. Энэ юуг харуулж байна вэ гэхээр Б.Дашзэвэг гэдэг хүн хөгжмийн бүх төрлийг сонирхогч яах аргагүй мөнөөс мөн. Би уг нь бол яруу найрагчид, сэтгүүлчидтэй ойр дотно, найз байх ёстой. Харин минийх хөгжмийн зохиолчид. Чулуунхүү, Насанбуян, Жанцанноров, Билэгжаргал, Чинзориг, Нацагдорж гээд л… Би үргэлж хөгжмийн зохиолчдын дунд явж байдаг.

-Тэгвэл та өөрөө хөгжим зохиодог уу?

-Үгүй ээ. Би зохиохгүй. Гэхдээ санаагаа хэлнэ. Яг өнөөдөр гэхэд л "Хүүхэд байх сайхан" хүүхдийн дуурь бичиж байна. Хөгжмийг нь хөгжмийн зохиолч Хаянхярваа, Насанбуян нартай зөвлөлдөж, өөрийн санааг тусгаж байгаа. Энэ бол оролцож байна гэсэн үг.

Т.Нипонь /2007 оны 11 сарын 20/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж