Сонгуулийн хуулийг энэ долоо хоногт батална

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг энэ долоо хоногт батална

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцжээ.

Эхний асуудлын хүрээнд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Ажлын хэсэг сонгуулийн тогтолцоо, эмэгтэйчүүдийн квот, улс төрийн намуудын босго, үндэсний цөөнхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийжээ. Ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж үдээс хойш хуралдахаар болсон байна. Ирэх арванхоёрдугаар сарын 1 гэхэд Төсвийн хуулийг баталж, энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийг баталж болно гэж гишүүд үзжээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Уг асуудлыг зарчмын хувьд хэлэлцэхийг гишүүд дэмжсэн байна. Эцэст нь тэтгэврийн суурь зарчим тогтоох тухай асуудал хэлэлцэж төслийг Засгийн газар татаж авна гэсэн тул хойшлуулахаар болжээ. Өмнө нь хэлэлцэх боломжгүй гэсэн дүгнэлт гарч байсан тул эргэж ярихаар болжээ

Үүний дараа Ч.Сайханбилэг гишүүн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эмэгтэйчүүдийн квотыг Сонгуулийн хуульд яаж тусгаж байгаа вэ?

-76 нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь эмэгтэй байна гэдэг дээр гишүүд санал нэгдэж байна. Энэ нь УИХ-ын эмэгтэй гишүүд, эмэгтэйчүүдийн ТББ-ын дэвшүүлсэнтэй ижил байна.

-Намуудын босго ямар байх вэ?

-Сонгуулийн хуулийн төсөлд долоон хувь гэж байгаа. Ажлын хэсэг дээр дахин ярьж бүлэгт оруулж ирнэ. Лхагва гаригт чуулганы нэгдсэн хуралдаан хийж төсөв батлаад энэ долоо хоногт Сонгуулийн хуулийг батална гэж байгаа.

-Үндэсний цөөнхийн асуудлыг яаж шийдэх вэ?

-Үндэснийн цөөнхийн төлөөллийг одоо байгаагаас бууруулахгүйгээр асуудлыг шийднэ.  Аймгуудад хоёр хоёр мандат хуваах талаар ярьж байгаа. УИХ-ын тогтоолын төсөл хамт бэлтгээд явж байна. 48 мандатаа 26 тойрогт яаж хуваах, аймаг, дүүргүүдэд яаж хуваарилах вэ гэдэг тухай тогтоолын төслийг Сонгуулийн хуультай нэг өдөр батлахаар ярьж байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж