”Сонгуулийн өмнө намын даргаа солихыг зөвшөөрөхгүй”

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

”Сонгуулийн өмнө намын даргаа солихыг зөвшөөрөхгүй”

УИХ-ын  гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.  

-Төсвийн тухай  хууль ирэх  са­рын 1 гэхэд батлагдсан  байх ёстой. Гэтэл  уг хуулийн  төслийн  дөнгөж хоёр дахь хэлэлцүүлгийг    хийлээ. Төсвийн  хуулийг  батлахад ямар  бэрхшээл  тулгараад байгаа юм бол. Нэлээд сунжирч байна?  
 
-Тохиролцож чадахгүй асуудал цөөнгүй бий. Ялангуяа УИХ-ын  ги­шүүд, Бүлэг,  Байнгын  хороодын са­налыг нэгтгэж зангидахад төвөгтэй байгаагаас хойшлоод байна.

-Сонгуулийн  жилийн төсөв тул улс төрийн  тохироогоо хийж чадахгүйгээс  хойшлуулж байгаа гэх  юм? 

-Сонгуулийн жилийн төсөв гэдэг нь үнэн. УИХ-ын гишүүд тайлангаа тавих болсон гэдэг утгаараа тойрогтоо мөнгө салгахаар зүтгэж байна. Сонгуулийн хууль батлагдахгүй байгаагийн гол саад нь энэ.  

-Төсвийн үр ашиггүй урсгал зардлыг  танахгүй бол  Монголбанк инфляцийг барьж дийлэхгүй гэдгээ сануулсан. Иймээс зарим хөрөнгө оруулалтыг царцаах бодлого баримталж байгаа ч, хэдийг танах  гэдэг дээр намын бүлгүүд тохиролцохгүй байх шиг? 

-Манай намын бүлгийн  хувьд тодорхой тоо ярихаасаа илүү төсвийн тэнцлийг барих  зарчим баримталж  байгаа. Өөрөөр хэлбэл, орлого зар­лагын зөрүү аль  болох бага байх ёстой. Олсноосоо илүүг зарж болохгүй гэсэн үг л дээ. Сонгуулийн  жилийн хамгийн  аюултай зүйл нь төсвийг үрэлгэн зарах гээд байдаг. Сонгууль дууссаны дараа эдийн засаг хямарвал  яах болж байна. 

-МАН-ын бүлэг төсвийн ал­дагдлыг гурван хувьд барина гэж байсан. Энэ хэр  боломжтой юм бол? 

-МАН-ын бүлэг улс төрийн өнгө аястай хандаж байна. Гэтэл гишүүд  нь төсвийн зарлагыг нэмэх чиглэлээр зөндөө санал барьчихсан байна шүү дээ. Нэг талаасаа алдагдлыг гурван хувьд барих ёстой гэж байгаа ч, баахан зарлага нэмсэн санал барьчихаад  байгаа нь  гол бэрхшээл болж байна. 

-Тэгэхээр хоёр намын улс төрийн шийдвэрийг  харж байгаа гэсэн үг үү? 

-Тийм. Ердөө л  тэр шүү дээ.

-УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг  хэлэлцэх эсэхийг шийд­вэрлэх  үеэр та УИХ-ын даргыг  хууль зөрчсөн  гэж мэдэгдсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Асуудлыг хоёр салгаж ярих хэрэгтэй. Эхнийх нь Д.Дэмбэрэл дарга  хоёр  нүүр  гаргасан гэж болно. Надаар толгойлуулсан найман хүн Ерөнхий сайдыг огцруулах  саналыг гаргах гэж байхад УИХ-ын  гишүүдийн дөрөвний нэг буюу 19  хүн дэмжсэн  тохиолдолд хэлэлцдэг гэж хэлсэн тул бид төслөө өргөн бариагүй.

Гэтэл дараа нь есөн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барихад Төрийн байгуулалтын байнгын хороо руу “хэлэлц” гээд оруулчихаж байгаа юм. Тиймээс л би “Та яагаад УИХ-ын гишүүдэд хоёр өөрөөр хандсан юм бэ” гэж асуусан нь тэр. Д.Дэмбэрэл “Тэд нэгдсэн чуулган дээр хуралдаан даргалж байхад гардуулчихсан шүү дээ. Олон түмний өмнө өгсөн болохоор хэлэлцэх асуудал руу оруулахаас өөр арга байсангүй” гэж их эвгүй тайлбар өгнө билээ. УИХ-ын даргын хувьд энэ нь тун хариуцлагагүй үг. Тэгвэл даргыг хурлаа удирдаад сууж байхад нь гишүүд хуулийн төсөл өргөн бариад байя л даа. Би өөрийн санаачилсан хуулийн төслөө хэлэлцүүлэхийн төлөө ингэх ёстой байсан хэрэг үү. Бидний найман гишүүн дэгийнхээ дагуу өрөөнд нь очоод гардуулах гэтэл 19 гишүүн хүрэхгүй байна гэдэг атлаа зарим нь хуралдаан удирдаж байхад нь шууд өргөн барьчихаж байх жишээтэй. Уг нь дараагийн есөн гишүүн дэг зөрчиж өргөн барьсан хэрэг л дээ.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Д.Дэмбэрэл дарга Ц.Батбаяр гишүүн хоёр бие биенээ худлаа ярилаа гэж маргалдаад яг ямар процесс болоод өнгөрсөн нь их ойлгомжгүй үлдсэн л дээ. Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын даргыг дуудаж хариулт нэхсэн хүний хувьд тайлбар өгөхгүй юу?

-Д.Дэмбэрэл дарга Ц.Батбаяр хоёрын маргааныг сэтгүүлчид байтугай бид ч сайн ойлгоогүй. Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг тогтоож чадаагүй. Харин миний тавьсан асуултад Д.Дэмбэрэл дарга хариулахдаа хууль зөрчсөн гэдэг нь улам л батлагдаад байсан. Хэлсэн үг бүхэн нь хууль зөрчиж дээ гэж ойлгогдож байсан л даа. Тухайлбал, хуулийн төсөл өргөн барих дэгийг зөрчсөн, УИХ-ын даргын хувьд парламентын гишүүдээ ялгаварлаж хандсан байна. УИХ-ын дарга хуралдааны үйл ажиллагааг хуулийн дагуу удирдах ёстой.

-УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг одоо хэлэлцэх нь цаг үеийн хувьд хэр зохимжтой юм бол?

-Би Байнгын хорооны хуралдаан дээр “Одоо хэлэлцэж байгаа энэ хуулийг батлахдаа хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг дараагийн парламентаас эхэлье” гэж хэлсэн. Яагаад гэвэл найм болон есөн гишүүн ар араасаа Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьснаас ийм хууль гаргаж байгаа юм шиг болчих гээд байна. Уг нь парламентынхаа хувьд зөв асуудал тавьсан. Хэн дуртай нь Ерөнхий сайдыг огцруулна хэмээн зүтгэдэг биш Үндсэн хуульд 19 хүн дэмжиж гарын үсэг зурсан бол гэж байгааг тодорхой болгоё гэдгийг оруулж ирсэн. Энэ нь Үндсэн хуулийг хэрэгжүүлэх чухал, зөв алхам. Гэхдээ цаг хугацаа нь биш. Яагаад гэвэл хэсэг гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсантай холбогдуулаад улс төрийн хариу барьж байгаа юм шиг болчихно. Тиймээс хэрэгжих хугацааг дараагийн парламентаас эхэлье гэсэн юм.

-Ардчилсан намын доторхи бүлэг, фракцуудын хагарал нэлээн хурцдаж байна. Намын даргыг солих тухай асуудал ч яригдаж эхэллээ. АН-ын гишүүний хувьд үүнд хэрхэн хандаж байгаа вэ?

-Ер нь би намынхаа доторхи фракцуудын үйл ажиллагаанд ордоггүй. Фракцыг эсэргүүцдэг. Бүлэглэсэн, хэн нэгнийг дагасан фракцыг өөрөө намын дарга байхдаа ч зөвшөөрч байгаагүй, одоо ч зөвшөөрдөггүй. Ардчилал өндөр хөгжсөн орнуудын хувьд нам доторхи фракц байдаг л даа. Гэхдээ үзэл бодлоор хуваагддаг. Өөрөөр хэлбэл татварыг нэмнэ, эсвэл түүний эсрэг гэх мэт бодлогын асуудлаар фракц байдаг юм. Монгол Улс Хятадыг түшиж хөгжинө, эсвэл өрнөдийн чиг баримжаагаар хөгжих ёстой гэх мэт зарчмын фракц бий. Түүнээс биш манайх шиг Дорж, Дондогийг дагасан шиг байдаггүй. Фракц гэдэг чинь нам доторхи улс төрийн бодлогыг зөв тогтоохын тулд бий болсон хэлбэр. Манай намын фракцууд хэн нь хаана юу болоод байгааг би яг үнэндээ мэдэхгүй байна. Ингэж хэлэхээр намайг нууж байна гэж бодох байх. Би үнэхээр мэдэхгүй. “Кроун”, “Алтангадас”, “Ардчилсан холбоо” дотроо яасан гэдгийг мэдэхгүй. Би ганц л зүйлийг мэдэж байгаа. Одоо намын удирдлагын төлөө тэмцэлддэг цаг биш. Ардчилсан нам их нээлттэй л дээ. Нам доторхи удирдлагын халаа сэлгээ дүрмийн хүрээнд болох ёстой. Жишээ нь, би хамтарсан Засгийн газрыг байгуулагдахад анхнаасаа эсэргүүцэж, шүүмжилсэн. Түүнийгээ энэ парламентын хугацаанд барьсаар ирлээ. Энэ асуудлаар Н.Алтанхуяг даргатай таардаггүй. Хамтарсан Засгийн газарт орсон нь АН-ын даргын хувьд алдаатай бодлого явуулсан гэж үздэг. Гэхдээ энэ ганцхан Н.Алтанхуягийн хүлээх хариуцлага биш. Намын ҮЗХ ийм шийдвэр гаргаж, Н.Алтанхуяг дарга хэрэгжүүлж байгаа хэрэг.

-Х.Баттулга сайд намын дарга болохоор зүтгэж байгаа гэх юм. Хэрэв үнэн бол түүнийг намын дарга болохыг та дэмжих үү?

-Бүх зүйл намын дүрмээр явах ёстой. Түүнээс биш Э.Бат-Үүл, Х.Баттулгад сайн муу гэсэн асуудал тусдаа яригдана. Хэрэв Х.Баттулгыг Ерөнхий сайд болно гэвэл “яагаад болохгүй гэж” хэмээн асууна. Гэхдээ Х.Баттулга дарга болохын тулд манай намын дүрэм журманд яаж заасан байдаг тэр жишгээр л явах ёстой.

-Хэрэв Н.Алтанхуяг, Х.Баттулга гэсэн хоёр хүн дүрмийн хүрээнд намын даргад нэр дэвшвэл та хэнийг нь дэмжих вэ?

-Энэ бол ёстой миний нандин нууц. Хамгийн гол нь хэн сайн хөтөлбөр тавьж байгааг дэмжинэ. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Сонгуулиас өмнө намын даргыг солихыг би яагаад ч зөвшөөрөхгүй. Сонгууль дөхөхөөр л манай намын дотор даргын төлөө тэмцэл болчих гээд байдаг өвчнөөс салсан гэж бодож байна. Өнөөдөр намын даргын үйл ажиллагаанд байр сууриа илэрхийлэхдээ өөрийнхөө үзэмжээр хандана шүү дээ. Түүнээс биш сайн муугийн ямар баримт байгаа юм бэ. Харин сонгуулийн дараа баримт гараад ирнэ. Ялагдвал дарга муу байсан нь ойлгомжтой, харин ялах юм бол дарга сайн ажиллажээ гэдэг нь тодорхой. Жишээ нь, манай намд сонгуульд ялагдана гэсэн хүмүүс их байгаа. Тэднийхээр болох юм бол Н.Алтанхуяг огцорч таараа. Мөн ялна гэсэн хүмүүс тэднээс дутуугүй олон байна. Тэгвэл Н.Алтанхуяг Ерөнхий сайд болно. Баримт нь ердөө л энэ.

Б.Энхжаргал

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж