3D дүрс болон гурван хэмжээст дэлгэцийн технологийн чиглэлээр гүнзгийрүүлсэн судалгаа хийсэн МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхмийн эрхлэгч, доктор Б.Ганбат:
-Хүний нүдний хол ойр зайнаас хамаараад хүн өөр өөрийг хардаг. Ялангуяа хүүхэд гурав дахь хэмжээсийг хэтэрхий хол болгож хардаг. Том хүний нүдний зай хол тул хэвийн хэмжээнд хардаг. Миний хийсэн ажил бол 3D-г дэлгэцээр нүдний шилгүй үзэх явдал юм. Хүн толгойгоо хөдөлгөсөн ч 3D-р хардаг тийм боломжийг судалсан. Одоогоор нэг жижиг төсөл хэрэгжүүлж байна. Олон нийтэд танилцуулах зорилгоор сая хоёр жижиг дэлгэц угсарсан. Дараагийн судалгааны ажлуудаа хийнэ. Санхүүжилт хүнд байгаа.
Нанотехнологиор шинэ төрлийн материал гарган авсан ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор С.Энхтуул:
-Микрон хэмжээстэй усан дуслыг ашиглан микро шингэний төхөөрөмж дээр амьд организм дээр явагддаг биологийн урвалыг ашиглаж лабораторийн нөхцөлд хийсэн ажил. Түүгээр төрөл бүрийн хэмжээстэй нано материал гарган авч болно. Үүнийг эрдэс баялгийг хөвүүлэн баяжуулах процесст цуглуулагч бодис болгон ашиглах боломжтой. Зөвхөн эдийн засгийн бус шинжлэх ухааны чухал ач холбогдолтой. Монгол Улс цуглуулагч бодисоо АНУ, ОХУ зэрэг орноос өндөр үнээр авдаг. Цаашдаа нанотехнологи, биологийн чиглэлээр ажиллана.
CD4, CD8 давхар сөрөг NKT эсийн идэвхжих зүй тогтол болон хорт хавдрыг эмчлэхэд чухал ач холбогдолтой NKT эсийн үүсгэгч эсийг тогтоосон Японы Чиба үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн багш доктор Д.Нямбаяр:
-Миний хийж байгаа ажил бол NKT эсийг хэрхэн үржүүлж, идэвхжүүлэх талаар, түүний үндэс суурь болсон судалгааг хийж байна. Энэ эсийн талаар дэлхий даяар нэлээд маргаантай байгаа. Миний боловсруулсан онолоор жирийн Т эсээс ялгаатай энэ NKT эс сэрээ булчирхайд хөгжихдөө жирийн Т эсээс өөр замаар хөгждөг. Өөр үүдэл эсээс үүсдэгийг тогтоосон. Энэ бол суурь судалгааны ажил. Японы Чиба үндэсний их сургуульд клиникийн хоёр дахь фазын туршилтыг хийж байна. Энэ эсийг хөгжүүлснээр хорт хавдрын эцсийн шатанд орсон 19 өвчтөнөөс тал хувь нь 3,5 жилээр амьдрах хугацаа нь уртасна гэдгийг тогтоосон. NKT эсийн агууламж сайтай өвчтөнүүдэд үр дүн сайн байгаа нь тогтоогдсон. NKT эсийн хөгжлийн зүй тогтлыг мэдсэний үндсэн дээр янз бүрийн арга замаар NKT эсийг хөгжүүлэх , бие махбодид ихэсгэх аргыг тогтооно.