Туул гол руу хром, натритай ус нийлүүлж буй гол буруутнуудыг арьс, шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд гэдгийг хэн хүнгүй хэлдэг. Хэдийгээр өвөл болж голын ус хөлдсөн ч үйлдвэрүүдийн бохирдуулсан ус Төв цэвэрлэх байгууламж болон “Харгиа”-гаар дамжаад Туулд цутгасаар байна. “Харгиа”-д холбогдоогүй ноос угаах 12 үйлдвэр байдаг бөгөөд эдгээр нь Төв цэвэрлэх байгууламж руу бохир усаа шахдаг нэртэй ч хром, натрийг бүрэн шүүлгүйгээр Туулд нийлүүлдэг тухай эх сурвалж мэдээлсэн юм.
Ноос, ноолуур угаах ажил энэ сарын 1-нээс эхэлж дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилдэг аж. Бид өнгөрсөн баасан гаригт Хан-Уул дүүрэгт байрлах ноос, ноолуур угаах гурван үйлдвэрийг сурвалжиллаа. Цагаан хаалга өнгөрөөд троллейбусны эцсийн зогсоолын хажууханд байрлах үйлдвэрт очлоо. Гадуураа өндөр өрсөн блокон хашаатай эл газрыг ноолуур угаах үйлдвэр гэж хүн хэлээгүй бол мэдэх арга байхгүй. Ямар ч хаяггүй том төмөр хаалганы завсар зайгаар нь харъя гээд ч боломжгүй. Хашааны үүдэнд манаачийн жижиг шовгортой ч тэнд хүн байгаа эсэх нь ойлгомжгүй нууцлаг газар байх юм. Төмөр хаалгыг нь нүдэж, манааны шовгорын жижиг цонхыг тогшиж янз бүрээр үзсэний эцэст арай гэж хамгаалагчтай нь уулзав. Дөч гаруй насны эр “Эздээс зөвшөөрөл аваагүй бол хэн байсан ч үйлдвэр рүү оруулдаггүй” гээд халгаах янз алга. Ядаж ямар нэртэй үйлдвэр вэ гэхэд “ЭБД” нэртэй ноолуур боловсруулах чиглэлээр ажилладаг газар гэдгээс өөрийг хэлсэнгүй “Та нартай уулзлуулчихмаар хүн алга” гээд бараг хөөх шахав. Биднийг машиндаа суугаад хөдөлж амжаагүй байтал хар өнгийн жижиг тэрэг ирлээ. Дотроос нь яалт ч үгүй дотор газрын бололтой хоёр хүн бууж хамгаалагчтай уулзаж хэдэн үг солиод буцсан юм. Түүнээс өөр хүн байтугай амьд амьтан ч энэ хаалгыг зүглэсэнгүй.
Нэлээд харж байгаад бид дараагийн үйлдвэр рүү явлаа. “Улаанбаатар хивс” компаниас урагш байдаг хоёр ч үйлдвэрийн нэг “Ноос ирээдүй” компанийн хаалгаар орвол төмөр чингэлэг дүүрэн шуудайтай ноос харагдана. Үйлдвэрийн үүдэнд контейнертэй урт чиргүүлтэй ачааны “КаМаз” байна. Үүдний модон байшинд орж харуултай нь уулзахад “Манай компанийн захирал Сүхбаатар гэж хүн бий. Хуралд явсан ирээгүй байна. Би нарийн зүйлийг мэдэхгүй. Ноос угаахад шингэн саван хэрэглэдэг л гэж сонссон. Хятадууд ноос авчирч угаалгадаг юм. Түүнээс манайх ноос худалдаж авдаггүй. Байнга захиалгатай байдаг учраас өвөл зунгүй ноос угаадаг” гэсэн юм. Химийн хортой бодисын талаар түүнээс лавлавал, “Манайх зориулалтын шингэн саван хэрэглэдэг юм билээ. Нарийн зүйлийг сайн мэдэхгүй” хэмээв. Ийн ярилцаж зогстол урд талын цагаан байшингаас нэгэн хятад эр гарч ирлээ. Тэр гайхсан янзтай биднийг харж хэсэг зогссоноо чингэлэгт орж, хөглөрсөн ноосыг дээш нь овоолж гарав.
Нэгэнт захирал нь байхгүй учраас биднийг мөн л дотогш нэвтрүүлсэнгүй. Мэдээлэл өгөх хүн байхгүй, үйлдвэрээ үзүүлэх боломжгүй гэсэн тайлбартай татгалзсан хариу аваад мөн л буцлаа. Эндээс холгүй “А Үйлст” нэртэй бас нэг үйлдвэр байна. Мөн л ноос ноолуур угаадаг гэсэн. Эднийх засвартай, үйл ажиллагаагаа түр зогсоосон гэнэ. “А Үйлст”-ээс зүүн урагш явахад орон сууцны байшингууд байна. Тэндхийн тоосгон гараашуудад хөөвөр, ноос, ноолуур хадгалдаг. Байсхийгээд хөөвөр нэвсийлгэн ачсан машинууд ирж ачаагаа буулгах аж.
Бид энэ хавьд амьдардаг иргэдтэй уулзсан юм. Ноосны үйлдвэрүүд бохир усаа Туулд нийлүүлдэг тухай сурвалжлахаар яваагаа хэлэхэд уулзсан хүмүүс үүнийг баталж байв. Бидний уулзсан эхний хүнийг Б.Янжин гэдэг аж. Тэрбээр “Манай байрны ойролцоо “Эвсэг” компанийн угаах үйлдвэр байдаг. Зуны цагт муухай үнэр гараад цонх онгойлгох байтугай гудамжинд тайван суух аргагүй болдог. Та нар очоод үзээрэй. Гадна талдаа том төмөр савтай. Тэндээс нь ноос угаасан бохир ус нь шууд урсдаг гэж манай байрныхан ярьдаг. Үнэн ч байж магадгүй. Малын шээс, шивтэрийн үнэрт мансуурах шахдаг юм” гэлээ.
Харин өөрийгөө Б.Сүхээ гэж танилцуулсан нэгэн “Энэ хавийн үйлдвэрүүд химийн бодис хэрэглэдэг байх. Угаасан ноосоо ачаад гарч байхад нь хачин үнэр үнэртдэг юм билээ. Саван, шампунийн үнэр арай өөр байна биз дээ. Тэгээд ч хонины ноос зунгаг ихтэй, шээс шивтэртэй байдаг болохоор ганц шингэн савангаар угаагаад нэмэргүй байх. Яаж ч бодсон химийн бодис хэрэглэх нь ойлгомжтой шүү дээ. Манай энэ хавийн ноос, арьс ширний үйлдвэрүүд голдуу хятад эзэнтэй. Харийнхан хүний нутгийн гол усыг хайрлана гэж байхгүй шүү дээ. Хятадад очоод монголчуудыг үйлдвэр байгуулах гэвэл яаж загнах нь тодорхой. Гэтэл монголчууд дэндүү хэнэггүй юм. Хятадуудад аль байдгаа өгч, дур зоргоор нь байлгаж байна” хэмээн тун ч их бухимдаж байв.
Уулзсан хүмүүс бүгд л иймэрхүү зүйл ярьсан. МХЕГ-аас боловсруулах үйлдвэрүүдэд хоногт угаах ноос, ноолуурын хэмжээг тогтоож өгчээ. Арьс шир л гэхэд хоногт 2500 орчмыг боловсруулах стандарттай. Гэтэл үйлдвэрүүд үүнийг төдийлөн мөрддөггүй. Ном журмаараа бол үйлдвэрүүд ноос ноолуур угаахдаа нянг нь устгаад, хэрэглэсэн химийн бодисоо саармагжуулж цэвэрлэх байгууламж руу бохир усаа нийлүүлэх ёстой аж. Гэтэл энэ журамд захирагдаж ажилладаг үйлдвэр бараг л байхгүй дээ гэх хүн олон байна. Хан-Уул дүүргээс гадна Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт арьс шир боловсруулах, ноос ноолуур угаах үйлдвэрүүд бий. Тэд ч мөн “Харгиа” руу бохир усаа нийлүүлдэггүй, Туул руу цутгачихдаг. Мөн л дийлэнх нь хятад эзэнтэй гэнэ.
Бид Туул голын сав газрын зөвлөлийн дарга, Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Да.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-“Харгиа”-гийн хашаанаас гадна хэд хэдэн үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэрүүд хром, натритай усыг шууд цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Химийн хорт бодистой усыг шууд Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж болохгүй биз дээ?
-Улаанбаатар хотын дотор шинээр цэвэрлэх байгууламж барих ямар нэгэн холболт хийх боломжгүй болсон байна. Тиймээс бид чадах чинээгээрээ Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчилж байгаа. Тухайн үйлдвэрт стандарт бий. Тийм хэмжээний бохирдолтой усыг Төв цэвэрлэх хүлээж авна гэсэн. Үүнээс илүү бол цэвэршүүлэхэд хэцүү. Гэхдээ үйлдвэрийг шууд хаая гэсэн бодлого барьж болохгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаар дамжуулж тодорхой горим баримтлах ёстой. Үүнийг мөрдөхгүй бол үйл ажиллагааг нь зогсоох ёстой.
-Туул голын бохирдлыг бууруулах талаар сав газрын зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна вэ. Ус, хөрсний бохирдол үйлдвэрүүдийн хог, хаягдлаас шалтгаалдаг. Үүнийг зохицуулах арга байхгүй юу?
-Үйлдвэрүүдийн хог хаягдал Туул голын усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, орчны экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн хохирол учруулж байна. Туул голыг бохирдуулагч эх үүсвэрийг тогтоох судалгаа явуулахад урьдчилан цэвэрлэх байгууламжаас хаяж буй хаягдал ус маш их бохирдол агуулдаг нь батлагдсан. Иймээс үйлдвэрүүдийн бохир усыг судлахаас гадна, технологийн горимыг анхаарах шаардлагатай байна. Ноос, ноолуур, арьс, шир боловсруулах анхан шатны үйлдвэрүүдийн 70 орчим хувь нь нийслэлд төвлөрдөг. Эдгээр үйлдвэрүүд хүчил, шүлт, төрөл бүрийн уусгагчид, тос, хүнд металлын бохирдолтой хог хаягдал гаргадаг. Энэ нь экосистем болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Туул голыг хамгаалах хэд хэдэн төсөл хэрэгжүүлж ирсэн. Төслүүд тодорхой байдлаар үр дүнгээ өгсөн.
Манай улс “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Стокгольмын конвенцид 2009 онд нэгдэн орсон. Ингэснээр устгах бодисын жагсаалтад багтах полихлорт бифенилийг тоног төхөөрөмжид хэрэглэхийг 2025 он гэхэд бүрэн хориглох талаар ярьж байгаа. Баянзүрхийн орчим Туулын уснаас шинжилгээ хийхэд усанд агуулагдах хромын хэмжээ 0.3 мкг/л байсан бол Төв цэвэрлэх байгууламжийн бохир усанд 4.93 мкг/л байгаа нь 16 дахин өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Сонгинын амралтын орчим зарим бохирдуулагчийн агууламж хэт их байгаа нь арьс, шир, ноос ноолуурын үйлдвэрүүд техник технологи, стандартын шаардлага хангахгүй хэт их бохирдолтой ус цэвэрлэх байгууламжуудад нийлүүлж буйтай холбоотой. Иймээс л Эмээлт орчимд төвлөрүүлэх гэж яриад байгаа юм.
-Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэхэд доод тал нь гурван жил болно. Гэтэл үүнээс өмнө Туулын бохирдлыг бууруулах талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Нэг талаараа баялаг бүтээж, хүмүүсийг ажлын байраар хангаж, амьдралтай нь залгуулж байгаа боловч нөгөө талаараа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг алдагдуулж, Туул голыг асар их хэмжээгээр бохирдуулж сөрөг нөлөө үзүүлж байна. Байгаль орчинд хохирол учруулаад байхаар сайн гэх үү, муу гэх үү. Тиймээс орчин үеийн дагалдах үйлдвэрийн дэд бүтцийг хамт хөгжүүлж бүтээсэн баялгаа нөгөө гараараа устгахгүй байх нөхцөл бүрдэнэ. Иймд хаягдал усыг дахин цэвэршүүлэх шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай байна. Бид эхний ээлжинд Төв цэвэрлэх байгууламжид суурилуулан туршиж үзэж байгаа. Хоногт 80 тонн ус цэвэрлэх чадалтай жижиг төхөөрөмж бий. 800 орчим мянган долларын үнэтэй. Хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай бол нэгийг нь нөгөөтэй нь залгаад угсарч болдог. Дунджаар 100-150 айлаас гарч буй бохирыг цэвэрлэх хүчин чадалтай.
Зохиогчийн эрх: "Өдрийн шуудан" сонин