Standard&Poor шинэ үнэлгээгээ зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Standard&Poor шинэ үнэлгээгээ зарлалаа

Олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээний “Standard&Poor” компани шинэ үнэлгээгээ зарлажээ. Энэ үнэлгээгээр Монгол улсын хөрөнгө оруулалт хийх нөхцөл байдлыг гурван үзүүлэлтээр ВВ-, ВВ-, ВВ гэж үнэлсэн байна. Эдийн засаг, санхүүгийн байдлын үсгэн үнэлгээнүүд нь дараах утгатай гэж тус компани дараах байдлаар тайлбар хийсэн байна. ВВ гэсэн үнэлгээг “санхүүгийн хариуцлагаа хүлээх хангалттай чадвартай. Гэвч эдийн засгийн сөрөг нөлөөлөлд өртөмтгий. Богино хугацаанд эмзэг байдал багатай хэдий ч бизнес, санхүү, эдийн засгийн тодорхой бус байдал маш ихтэй” гэж тайлбарласан байна.

S&P Грекийн Засгийн газрын бондыг “junk” буюу “хогийн” бонд ангилалд оруулсан нь тус улсын төдийгүй дэлхийн санхүүгийн нөхцөл байдалд нөлөөллөө. Нэн ялангуяа хямралтай байгаа Грекийн нөхцөл байдлыг улам хурцатгаж магадгүй гэсэн болгоомжлол төрүүлж байна. Ингэснээр еврозоны гишүүн орнуудаас хамгийн анх удаа Грекийн бонд “маш эрсдэлтэй” гэсэн төвшин рүү зэрэглэл нь буурч байна. Грекийн араас орж болзошгүй байгаа Португалийн зээлжих чадварыг мөн тус байгууллага бууруулж үнэлсэн байна. Дээрх үнэлгээний хариуд “Грекийг унагахгүй” гэж Герман цаг алдалгүй мэдэгдэл хийсэн бөгөөд Грект үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлж магадгүй байна. Санхүүгийн бэрхшээлээ давахын тулд Грек еврозоны засгийн газрууд болон Олон улсын валютын сангаас 40 тэрбум еврогийн зээл хүсэж байгаа юм. Гэсэн хэдий ч удахгүй эргүүлэн төлөх ёстой зээлээ Грек цагт нь төлж чадахгүй гэсэн айдас хөрөнгө оруулагчдын дунд байна.

Хөрөнгө оруулалтын агентлагууд ямар нэг улсын зээлжих чадварын төвшинг бууруулна гэдэг нь тэнд хөрөнгө оруулалт хийхэд эрсдэлтэй гэсэн дохио болдог. Хэрвээ тухайн улсын хөрөнгө оруулалтын үнэлгээ “хог” түвшин рүү унах юм бол тэр улс хөрөнгө оруулалт авах боломжоо зарчмын хувьд алддаг. Зарим санхүүгийн байгууллага хөрөнгө оруулагчдыг “хог” гэж ангилсан бондод хөрөнгө оруулахыг хориглодог. Грекийн Засгийн газрын гаргасан хоёр жилийн хугацаатай бондын хүү Мягмар гаригт бараг 15 хувь хүрсэн нь тус улсын авах зээлийг маш өндөр зардалтай болгож байна. Грекийн таван жилийн хугацаатай бондын хүү 10.6 хувь байгаа нь шинээр гарч ирж байгаа зах зээлийн эдийн засгуудаас илүү үнэтэй байна. Эквадорын бонд 10.5 хувийн хүүтэй байгаа бол Украиных 7.1 хувийн хүүтэй байна. Португалийн хоёр жилийн хугацаатай бондын хүү 4.16-гаас өсч 5.23 болоод байна.

S&P Грекийн өрийн үнэлгээг ВВ+ байсныг ВВВ- болгож өөрчилсөн. Мөн Португалийн үнэлгээг хоёр оноогоор бууруулж А- болгоод байна. Хөрөнгө оруулалтын зах зээл дээр үнэлгээ нь буурсан талаар Грекийн Сангийн яамны сайд гаргасан мэдэгдэлдээ “энэ нь Грекийн эдийн засгийн бодит үзүүлэлтүүдтэй нийцэхгүй байна” гэж мэдэгдсэн. Португалийн Сангийн яамны сайд Fernando Teixeira Santos мөн үнэлгээ бууруулсныг буруушаасан мэдэгдэл хийсэн байна. Дээрх улсуудын хөрөнгө оруулалтын үнэлгээг бууруулсан мэдээ Европ, АНУ-ын биржүүдийг цочролд оруулаад байна. Лондонгийн FTSE индекс 2.6 хувиар, Германы Dax 2.7 хувиар, Францын Cac-40 3.8 хувиар тус тус буурсан бол Нью-Йоркийн Dow Jones хоёр хувиар буурч 10,991 болсон. Харин Грекийн банкуудын хувьцаа есөн хувиар буурсан нь сүүлийн 18 сард тохиолдсон ганц өдрийн дотор буурсан хамгийн өндөр уналт юм.

Тус компанийн хамгийн дээд үнэлгээ нь “ААА” байдаг бол хамгийн бага үнэлгээ нь “D” байдаг. Грекийн авсан “ВВВ-” үнэлгээ нь хөрөнгө оруулалтын төвшин доторх хамгийн доод үнэлгээ юм. Харин “ВВ” үнэлгээг хөрөнгө оруулалтын бус түвшин буюу “хог” гэж ангилдаг. “D” нь өрөө төлж чадахгүй байгаа буюу дампуурсан байдлыг илтгэдэг.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж