“Сонгуульд ялахын төлөө ажиллах ёстой”

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

“Сонгуульд ялахын төлөө ажиллах ёстой”

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд хаалттай үргэлжилж байна. Тус хуралд Бага хурлын 226 гишүүн оролцож буй. Харин хурлыг хаахын өмнө Бага хурлын нээлтэд МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд илтгэл тавьж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. Түүний илтгэлд дурдагдсанаар МАН-ынхан одооноос эхлэн бүх ажлаа сонгуультай уялдуулах үүрэг хүлээж байна. Мөн МАН нь сонгуульд оролцохын төлөө биш ялахын төлөө ажиллах ёстой гэдгийг онцоллоо. Түүнчлэн МАН-ын нэрээр улстөрийн болон намын албан тушаалд сонгогдож томилогдчихоод төрийн ажлыг нэр төртэй хийхгүй хариуцлага алдаж буй, улстөрийн ганцаарчилсан тоглолт хийхийг оролдож буй, нам дотроо хагарал бутрал авчирч буй гишүүдтэй хариуцлага тооцох ёстойг мэдэгдлээ. Тийм ч учраас энэ удаагийн Бага хурлаар намынхаа гишүүдийнхээ ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг бүх талаас нь авч хэлэлцэн “Намаас төрийн болон намын албан тушаалд сонгогдож томилогдсон МАН-ын гишүүний ёс зүйн дүрмийн батлах болохыг сануулсан юм.

МАН-ын гишүүний Ёс зүйн дүрмийг хэлэлцүүлсний дараа зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх аж. Энэ хүрээнд нарийн бичгийн дарга нарын орон тоог нэмэгдүүлж, орон гарсан намын бага хурлын гишүүдээ нөхөн сонгох, намын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоо квотыг нэмэгдүүлэх талаар тодорхой шийдвэрүүдийг гаргах ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж