Монголын тамирчдаас анх удаа гадны лигт өрсөлдөж буй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Наранбаатар өнгөрөгч бямба гаригт буюу Улс тунхагласны баярын өдөр Бундеслигт ээлжит барилдаанаа хийж, ялалт байгуулжээ. Түүний харьяалагдаж буй “KSV Kollerbach” клуб тойргийн дөрвөн барилдаан дутуу байхад дараагийн шатанд өрсөлдөх эрхээ аваад байгаа юм. Өнгөрөгч амралтын өдөр болсон барилдаанд “KSV Kollerbach” клуб “SV Germania Weingarten” багтай таарч, багийн нийлбэрээр 21:10 харьцаатай ялалт байгуулжээ. Чөлөөт бөхийн 60 кг-д багаа төлөөлж буй Б.Наранбаатарын тухайд Европын аваргын мөнгө, хүрэл медальт, Германы шилдэг бөх Марсель Ивалдтай таарч, өрсөлдөгчөө гурван үед буулган авсан байна. Өнгөрсөн жил Бундеслигт хүч үзэхдээ есөн тойргийн барилдаанаас найм ялж байсан Б.Наранбаатар энэ жил долоон барилдаан хийхдээ тавд нь ялалт байгуулаад байгаа юм.
Бундеслигийн тойргийн барилдаан арванхоёрдугаар сарын 10-нд өндөрлөж, 23-наас финалын барилдаан эхэлнэ.
С.Цэлмэг