НҮБ-ын соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО Мексикийн уламжлалт хөгжим мариачийг дэлхийн соёлын өвд бүртгэжээ. Сийрсэн малгайтай эрчүүд гитар, дарж, хийл тоглож, бүрээ үлээн баяр наадмыг хөгжөөдөг мариачи хөгжим Мексикийн илэрхийлэл болж алдаршсан. Эрт эдүгээгийн түүх, байгаль орчноо гэр бүл, нийгмээрээ магтан дуулдаг мариачи хөгжмийг соёлын өвд бүртгүүлэх хүсэлтийг Мексикчүүд ЮНЕСКО-д тавьжээ. ЮНЕСКО өнгөрсөн ням гаригт мариачи хөгжмийг биет бус соёлын өвд бүртгэсэн байна. Ямар ч нотгүйгээр сонсголоор сурдаг мариачи хөгжмийг тоглох чадвар Мексикт аав хүүд, ахаас дүүд уламжлан өвлүүлдэг ажээ. Мексикийн оршин суугчдаас гадна хилийн чанад дахь цагаачид, Латин Америкчууд мариачи хөгжмийн орчин үеийн хэлбэрт оруулсан ажээ. Мексик төдийгүй АНУ, Япон, Колумбад мариачи хөгжмийн сургууль, зэрэг хүртэл байдаг ажээ. ЮНЕСКО биет бус соёлын өвд Мексикийн үндэсний хоол, талийгчдын өдрийн салах ёс хийх ёслол зэргийг бүртгэсэн байна. Харин энэ жил тус байгууллага Хятадын утсан хүүхэлдэйн жүжиг, Японы цагаан будаа суулгах уламжлал, Киприйн яруу найргаар цэц булаалдах уламжлалыг соёлын өвд шинээр бүртгэсэн байна.
Н.Энх