Залуу эрдэмтэд Ерөнхийлөгчөөс шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Залуу эрдэмтэд Ерөнхийлөгчөөс шагнал хүртлээ

Анагаах ухаан, нано технологи, цахим ертөнцөд амжилт гаргасан гурван шилдэг залуу эрдэмтэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал гардан авлаа.

Японы Чиба үндэсний их сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн багш доктор Д.Нямбаяр “NKT эсийн хөгжил, түүний механизм сэдэвт бүтээлээрээ сэрээ булчирхайд явагдах лимфоцитын ялгарал, CD4, CD8 давхар сөрөг NKT эсийн идэвхжих зүй тогтол болон хорт хавдрыг эммчлэхэд чухал ач холбогдолтой NKT эсийн үүсгэгч эсийг тогтоосон” нээлт хийж эх орныхоо нэрийг дэлхийд мандуулжээ.

ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор С.Энхтуул “Микрон хэмжээстэй усан дусал дотор явагдах урвалаар нано материал гарган авах нь” сэдэвт судалгааны ажлаараа Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал авсан юм. Эрдэмтэн бүсгүй энэ ажлаараа нанолитр эзлэхүүн бүхий усан дуслууд дотор хими, биологийн төрөл бүрийн урвал явуулж, шинэ төрлийн материал гарган авч нанотехнологийн шинжлэх ухаанд том хувь нэмэр оруулжээ.

МУИС-ийн Мэдээллийн технологийн сургулийн Электроникийн тэнхмийн эрхлэгч, доктор Б.Ганбат “3D дүрс болон гурван хэмжээст дэлгэцийн технологийн чиглэлээр гүнзгийрүүлсэн судалгаа хийж бүтээлээ өндөр хөгжилтэй орнуудад нийтлүүлэн цахим технологийн хөгжилд хувь нэмэр оруулж энэ шагналыг хүртсэн байна.

Ерөнхийлөгч  эрдэмтдэд өөрийн нэрэмжит шагналыг гардуулж цаашдын ажилд нь улам өндөр амжилт хүсэн ерөөлөө.
                       

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж